Хүүхэд нас

Хилчин, малчин гэр бүл \Удамт гэр бүл\ Бага нас

П.Цагаан миний бие 1959 онд Баян-Өлгий аймгийн Булган сумын нутаг Булган, Сөнхөл хэмээх хоёр голын бэлчир Ихэм хэмээх үзэсгэлэн төгс газар Пунцагийн гурав дахь хүү болон төрж, аав, ээжийнхээ энхрийлэл хайр дор хоёр ах, нэг эгч, хоёр дүүгийн хамт өссөн. Аав, ээж хоёулаа Алтайн урианхай. Урианхай хэмээх нэрийг олон монгол овогтноос бараг анх түрүү түүхэнд тэмдэглэгдсэн нэрийн нэг гэдэг. Монголчуудын үүслийн домгоор Дарлиган, Нирун овгийн хамт Монгол угсаатныг үүсгэжээ. Монголын Нууц Товчооны (1240) мэдээгээр Чингисийн өвөг Боржигин овгийг үүсгэхэд ч оролцсон байна. XIII зууны үед Их Монгол Улсыг байгуулахад оройлон оролцож, хожим Халх түмнийг үүсгэхэд оролцсон гэдэг.

Алтайн Урианхайчууд бол Чингисийн есөн өрлөгийн нэг Зэлмийн удмынхан юм. Хэнтийн уулсаас нүүсэн түмний нэг. Өндөр уул, даваа гүвээ, хил хязгаарыг голчлон хамгаалж ирсэн хүмүүс. Урианхайчууд давааг уулын сүв гэж ярьдаг байсан. Тэдний өглөө бүр залбирдаг Алтайн 13 даваа, 13 тахилгын газар гэдэг нь дайсныг тухайн сүв газраар давахаас батлан сэргийлсэн ариун дагшин газар нутаг юм. Чухам тэдгээрийг хамгаалуулах зорилготойгоор Алтайн урианхайчуудыг тус нутагт суурьшуулсан байна.

“Бага насны амьдрал минь дурсамж дүүрэн, их сайхан өнгөрсөн. Лааны гэрэлд олуулаа ширээгээ тойрон шахцалдан сууж, даалгавраа хийнэ. Ном уншихад нэг лаа хаана нь ч хүрэхгүй. Дэн барина. Лааны тосыг дахин хайлуулж хөвөнгөөр гол хийж асаахыг дэн гэж хэлдэг. Дэн лаанаас илүү гэрэл гаргадаг юм. За тэгээд, лааны гэрэлд үс, хөмсгөө шатаах энүүхэнд дээ”

Аав Луузангийн ПУНЦАГ

Аав Л.Пунцаг Халх гол, Баян Түмэнд 1939-1944 онд таван жил цэргийн алба хааж, жагсаалын дарга цолтойгоор цэргээс халагдсан.

Цэргээс халагдаж ирээд Бүүвэйн Ядамтай гэр бүл болсон бөгөөд баруун хилийг төвхнүүлэх ариун үйл хэрэгт гар  бие оролцсон. Хилийн чинадад тусгай үүрэг гүйцэтгэж явсан эрэлхэг, эх оронч хүн.
Хожим миний асуултад ээж минь юу гэж хариулсныг огт мартдаггүй юм. Тэрбээр“Анх явахад /тусгай үүрэг гүйцэтгэхээр/ нь л тун эвгүй байсан. Цэргийнх болов уу гэмээр бие хаатай үл таних хүмүүс харуй бүрий болсны дараа манай гэрт ирээд нэг их удалгүй аавыг тань дагуулаад яваад өглөө. Аав тань ч олон үг хэлсэнгүй. Тусгай ажилтай л гэнэ. Би ч шалгаасангүй. Залбираад л хоцорлоо. Хэд хоногийн дараа бас л харуй бүрий болсны дараа үл таних хүн гэрээсээ унаж явсан моринд нь өмсөж явсан бүх хувцас, дотуур хувцсыг нь хүртэл эвхэж боогоод ганзагалчихсан авчирч өгөөд явсан. Унаж явсан морь, бүх хувцас нь эргэж ирчхээд байхад бие нь байхгүй. Ёстой эвгүй. Муу юм л бодогдоно. Алга дарам цаасан дээр бичсэн ганц үгтэй захиа ч гэж байхгүй. Би ч яах вэ уймарч байгаад арц сангаа тавиад, Цаст цагаан ууландаа /Мөнххайрхан уул. Нэрийг нь хэлэх цээртэй. “Цаст хайрхан”, “Цагаан уул” гэж хэлнэ/ залбираад цайныхаа дээжийг өглөө бүр өргөж байтал нэг өдөр шөнө дүлээс өмнө хүрээд ирлээ. Морьтой хүмүүс ирж байхад нохой хуцахгүй байна гэдэг эзэн нь л ирсэн гэсэн үг. Танихгүй хүмүүс ирвэл монгол банхар хуцаад, боргоод, эзнээ заавал сэрээнэ. Аав тань мориноос буумагц хувцас хунараа асуув. Хувцсаа солиод хүргэж ирсэн хоёр хүнд цай хоол өгөөд унаж ирсэн морио өгч буцаав. Ямар хувцас өмсөж ирснийг нь ч анхаарах сөхөө байсангүй.
Сүүл рүү гээ арай дасчихдаг бололтой юм билээ. Хэд хэдэн удаа явсан. Нэг удаа л их удаан явсан, ядарсан ч гэлээ эсэн мэнд эргээд ирсэн. Сүүлд сонсох нь ээ дайсанд баригдчих гээд Чингилийн голд олон хоног хоол унд муутай бүгэж байж амь мэнд гарсан юм байна лээ. Миний хар ухаанаар бодоход, бас ярианы зах зухаас нь чагнаж байхад нутгийн хамгийн хурдан морь унуулж, цэцэн буу үүрүүлээд хоёр хүнтэй хамт Алтай, Үрүмч рүү л явуулдаг байж. Тэр үед Хятадтай тогтсон нарийн хил гэж байгаагүй байх. Хилийн самуун үймээн ихтэй цаг байсан болохоор цэргийн эрдэмтэй, итгэлтэй хүмүүсээ л явуулдаг байсан байх гэж боддог юм. Аав тань ямар даалгавартай явж байснаа хэнд ч хэлэхгүй, төрийн нууцаа хадгалсаар байгаад л бурхан болсон. Харин ардчилалтай золгож чадсан бол нэлээд юм ярих байсан болов уу л гэж дотроо боддог ” гэж 2004 онд ярьж байж билээ.

Миний аав Пунцаг сүүлд Ардын Их Хурлын депутат болж төр улсаа удирдах, хууль батлах ажилд гар бие оролцож байсан хүн. Гэсэн хэр нь тэр ажлынхаа талаар ч гайхуулж ярьж байхыг санадаггүй юм. Эгэлгүй даруу хүн байж дээ, одоо бодоход. Бид ч асуудаггүй байсан байх.

“Аав их нягт нямбай, зарчимч. Мод их хөрөөдүүлнэ. Яг сантиметрлаад бүгд ижил хэмжээтэй хөрөөдүүлнэ.Хазгай хөрөөдөж болохгүй, зэмлүүлнэ. Боорцог хийхэд хүртэл яг ижил хэмжээтэй, дөрвөлжин зүсэхийг шаардана.  \Дүү Пунцагийн Цагаанбилэгийн 2012 онд бичсэн дуртгалаас)

Аав маань сонин хэвлэл байнга уншдаг, ажилсаг нэр хүндтэй хүн учраас нутгийнхан их эмээдэг, хүндэтгэдэг байв. Холоос ирсэн хамгийн хүндтэй зочдыг, дарга нарыг манайхаар оруулдаг байж билээ. Сайд нарын Зөвлөлийн дарга Ж.Батмөнх гуай манайд ирж хуучилсан бөгөөд Гачуурт руу засмал зам тавиулах амлалт өгч, дараа жил нь биелүүлсэн байдаг. Сүүлд цагаан сараар /тэр үед нэгдэлчдийн баяр гэдэг байв/, Улаанбаатар хотын Намын хорооны дарга, Улс төрийн товчооны гишүүн Алтангэрэл гуай манай гэрээр зочилж, ээжийн чанасан цайг амтархан ууж байсан. Алтангэрэл дарга намайг эрдэм сайн сураарай гээд гар барьж үнсэв. Дарханы хонины нэхийгээр хийсэн нэхий дээл \дублёнок\ өмссөн даргаас үнэртэй ус хан хийхэд том дарга нар эмэгтэйчүүд шиг үнэтэй ус цацдаг юм байна даа гэж бодож байж билээ.

Ээж Ядам

Ээж Ядам малчин хүн байсан. 12 хүүхэд төрүүлсэн боловч зургаа нь эндчихсэн юм. Нутгийн хүмүүсийн хүндэтгэл хүлээсэн, үйлэнд уран, сэтгэл цайлган сайхан хүн байсан. 

“Миний ээж ёстой өндөр ээж гэдэг шиг орсон гарсан хүнд хамаг байдгаа барьчихдаг буянтан байлаа” П.Цагаан

Манай аав, ээжийн бидэнд хэлэх дуртай сургаал үг

Манай аавын худам монгол бичиг, ром тоогоор дугаарласан, их л чамбай боосон олон ногоон хавтастай бичиг цаас байсан бөгөөд хот руу нүүхдээ бүгдийг галд өргөчхөж билээ. Тэр үед монгол бичиг, үндэсний соёл алдагдаж шоовдорлогдсон үе байгаад тэгсэн үү? Ачаа бараагаа хөнгөлсөн үү? Аль эсвэл биднийг монгол бичгээр унших цаг ирэхгүй гэж бодсон уу? Одоо ч гайхдаг юм. Их л үнэ цэнтэй зүйл байсан болов уу гэж боддог. Цаасан шувууны үлгэр, Оюун түлхүүрийг уншдаг байсан болов уу гэж боддог. Цэнхэр хавтастай Жангар туулийг уншчихаад үлгэр тууль бичдэг зохиолч болмоор санагдаад байна гээд Хөхөө ахад хэлсэн чинь “юу яриад мөрөөдөөд байна аа” гэсэн шиг над руу их л сонин харцаар харж байсан шиг санагддаг юм. Лав дэмжээгүй.

  • Сайныг дагавал сарны гэрэл, мууг дагавал могойн хорлол
  • Эзэн хичээвэл заяа хичээнэ
  • Тэвнийн чинээ нүхээр тэмээн чинээ жавар ордог юм. Гэр орноо сайн дулаалж бай
  • Эрхийг сурахаар бэрхийг сур
  • Хүн болох багаасаа Хүлэг болох унаганаасаа
  • Заяа байвал жанжин болно
  • Могойн эрээн дотроо Хүний эрээн дотроо
  • Хөлдүү махыг их гэж бүү бод, Хөдөө газрыг ойр гэж бүү бод
  • Муу хүн үгэнд дуртай, мохоо хутга гарт дуртай
  • Эх нь бөөр алаг бол, тугал нь шийр алаг
  • Усны эх нь булингартай бол адаг нь булингартай
  • Танилтай хүн талын чинээ,Танилгүй хүн алгын чинээ
  • Хөдөлбөл хөлс авна, зогсвол зоос гарна

Нүүдэл тосуулж, гадас түүлгэнэ

Нүүж яваа айлын хүмүүст зориулж байнга цай бэлэн байлгадаг байв. Нүүдэл хийж яваа айлын ачаатай тэмээ харагдмагц бидэнд команд өгнө. Хүйтэн жавартай өдөр бол “цай халаа”, халуун дулаан өдөр бол цай, цийдэм бэлд гэнэ. Айлын ачаа дөхөж ирэхэд зам дээр хэдийн ирчихсэн цайгаа аягалаад идээ будаагаа дэлгээд яг тааруулна. Нүүж яваа хүмүүс ч амсхийн амны цангаагаа гаргаад, ачаа барааныхаа татлага эн тэрийг шалгаад, арагт ачуулж яваа хүүхдүүдийг буулган бие засуулна. Ачаатай тэмээ ч хэвтэж амсхийнэ. Нүүдэл тийнхүү цааш үргэлжилнэ.Бэлэгтэй сайн үг хэлээд салцгаана.

Нэг удаа аавтайгаа ууланд мал харж явсан чинь саяхан нүүсэн айлын буурины ойролцоо морь аргамжсан олон гадас байгааг хараад надад “миний хүү тэр олон гадсыг аль болох хугалалгүйгээр сугалж яваад хаячих. Залуу айл болохоороо мэддэггүй л юм байлгүй дээ. Газар дэлхий амьтай байдаг юм. Чиний гарт өргөс орохоор өвддөг биз дээ. Түүнтэй л адилхан гээд бодчих. Буян болно гэж билээ. Би дотроо өөр хүний хийх ёстой ажлыг яахаараа хийх ёстой юм гэж бодсон боловч аавын үг хууль учраас зөрөлгүй дуртай дургүй хийж байснаа санадаг юм.

1960-аад он

1966–1976 онд ерөнхий боловсролын дунд сургуульд сурсан. Төрсөн нутагтаа анх бага сургуульд орж, тавдугаар анги төгсөх үед манайх Улаанбаатар луу нүүж 21 дүгээр сургуулийг төгссөн. Аравдугаар ангиа “Таван онцын эзэн” тэмдэгтэй дүүргэсэн. Аравдугаар ангийг таван бүлэг төгсгөхөд сурлагаараа хоёрдугаарт жагсаж байсан. Жич: “Таван онцын эзэн” тэмдгээр бүх хичээлдээ улирал дараалан онц сурсан, онц төгссөн сурагчийг шагнадаг байв.

“Хүмүүс манай сургуулийг “хогийн” 21 гэж хочилдог байсан. Сахилгагүй, дэггүйдүү сурагч олон байсан болохоор л тэгсэн байх”

1970-аад он

1976 онд конкурс буюу их, дээд сургуульд элсэн орох шалгалт өглөө. Хэтэрхий сайн бичсэнийг минь номд бичсэнээс зөрөхгүй байна, хуулсан гэж үзээд тэг оноо өгч шалгалтад унагаачихсан. Гадаад бүү хэл, дотоодын дээд сургууль ч үгүй хоцорч, арга буюу магадгүй бурхны тааллаар Хууль цаазын дунд сургуульд орж суралцсан. Тэнд эхнэртэйгээ танилцсан. 1979 онд тус сургуулийг онц дүнтэй төгссөн.
Өөрийн толгойгоороо бичсэнийг маань ном хуулсан байх гэж үзээд шалгалтад унагасан туйлын шударга бус дээрх тохиолдол намайг шударга бусын эсрэг, шударга ёсны төлөө тэмцдэг болоход их нөлөөлсөн мэт санагддаг. Гэр бүлийн хүмүүжил ч нөлөөлсөн байх. Аав маань ч намайг дагуулаад хөлөө хөштөл явсан боловч үр дүн гараагүй.

1980-аад он

Хууль цаазын дунд сургуулийг төгсөх жил тухайн үед Шүүх яамны сайд байсан Бираагийн Чимэд гуай дуудаж, Шүүх яамны нэр дээр сургуульд явуулна гэв. Гэтэл гадаадын хуваарь байхгүй болж таараад МУИС-ийн хуулийн ангид урилгаар элсэн суралцсан. Гэвч удалгүй МУИС-ийн нэг дүгээр ангид онц суралцсан 15 оюутнаас шалгалт авч гурвыг нь шалгаруулан Москвагийн Олон Улсын Харилцааны Дээд сургуульд явуулах болсон. Үүний нэгд багтаж 1980 онд Москва хотын МГИМО буюу Олон Улсын Харилцааны Дээд сургуульд суралцаж хуульч- олон улсын эрх зүйч мэргэжлээр 1985 онд төгссөн.

1985 онд сургуулиа төгсөж ирээд ажлын гараагаа Монголын Үйлдвэрчний Эвлэлд (МҮЭ) багш гэдэг тушаалын ажилтай боловч гадаад харилцаа, хуулийн референтээс эхэлсэн. Хорин хэдхэн насандаа Женевт Олон улсын хөдөлмөрийн байгууллагын чуулганд Монголын хөдөлмөрчдийг төлөөлж, 3000 хүний өмнө анх гарч үг хэлж байв. Хурлын хүндтэй индэр дээр үг хэлж байтал гэнэт дэлхийн 150 гаруй орны Засгийн газар, эзэд, хөдөлмөрчдийн төлөөлөгчдийн өмнө Монголоо, Монголынхоо хөдөлмөрчдийг төлөөлж үг хэлж байна, ямар их итгэл, хариуцлага, хувь заяа вэ гэсэн бодол толгойд зурсхийн орж ирээд хоолой зангирч бие хачин болов. Дуу цацруулагчийн хажууд тавьсан хүйтэн уснаас нэг балгачихсан чинь бие тайвширч, үгээ үргэлжлүүлж байж билээ.

1990-ээд он

1989-1990 он

Монголын нийгэм буцалж байсан үед О.Очиржав, Ц.Сүхбаатар, П.Цагаан нар С.Ганболдын төмөр замд байдаг гэрт нь цуглан ярилцаж, нийгмийг гэгээрүүлэх санаатай өгүүлэл бичдэг байлаа. Тэр үед Монголын Ардчилсан Холбоо (МоАХ), Оюутны холбоо, Үндэсний шинэ дэвшил, СоцДек гээд зохион байгуулалттай дөрвөн хөдөлгөөн байгуулагдсан. Тухайн үед англи хэлтэй хүн цөөн байсан болохоор Монголын Оюутны Холбооны (МОХ) гадаад харилцааны ажилд тусалж зөвлөх, бичиг захидал бичих зэргээр хамтран ажилладаг байв.

Олон улсын Хөдөлмөрийн байгууллагын чуулганд үг хэлэхээр гурван жил дараалан явсан юм. Ингэхдээ тус байгууллагын номын сан, Женев дэх НҮБ-ын номын санд сууж гадаад хэл дээр хэвлэгдсэн Монголын улс төр, түүх, хуультай холбоотой дэвшилтэт үзэл санаатай боловч манай улсад хориотой ном хэвлэл, илтгэлийг уншиж, хувилж авдаг байсан. Анх тэнд л хувилагч канон машин үзэж, ажиллуулж сурч байв.

  • 1990-ээд оны үед “Ардчилал” болон бусад сонин дээр Монголын түүхтэй холбоотой материал орчуулж гаргадаг байсан.
  • Тухайн үеийн Үндсэн хуулийн 82 дугаар зүйлд “МАХН бол нийгмийн удирдан чиглүүлэх хүч мөн” гэдэг заалт Олон улсын Хөдөлмөрийн байгууллагын 87 дугаар конвенцийг зөрчиж байна гэдгийг хөдөлшгүй, хамгийн сайн нотолгоо бүхий илтгэлийг анх гаргаж тавьсан болно. Энэ нь тухайн үед нийгмийг өөрчлөхөд чамгүй нөлөө болсон.
  • МоАХ мөнгөгүй болж хүнд байдалд орсон үед МоАХ болон МҮЭ-ийн төв зөвлөлийн хооронд зуучилж хамтран ажиллах гэрээ байгуулан МҮЭ-ээс 500 мянган төгрөг өгч тусалж байсан. Жич: Тэр үеийн 500 мянган төгрөг гэдэг одоогийн 500 сая төгрөгтэй дүйцэхүйц хэмжээтэй мөнгө. Ш.Батбаяр дарга иргэний их зориг гаргасныг түүх мартах ёсгүй гэж боддог.
  • 1990 онд Улсын Бага хуралд гавьяат хуульч Бираагийн Чимэд гуайн туслахаар ажиллах болов. Б.Чимэд дарга тухайн үед шинэ Үндсэн хуулийн төслийг боловсруулж байсан юм. Тэр үед компьютер байдаггүй учраас даргынхаа гар бичмэлийг бичээчид дуудаж бичүүлнэ. Бичгийн машинаар бичсэнийг нь дахин нягталж уншина. Энэ мэтээр шинэ Үндсэн хуулийн төслийг хамгийн олон удаа уншсан юм.

  • 1992 онд Үндсэн хууль батлагдсаны дараа Монгол Улсын анхны Ерөнхийлөгч Пунсалмаагийн Очирбатын шадар туслахаар 1995 он хүртэл ажилласан.
  • – 1996 он хүртэл Голомт банкны Ерөнхий захирлаар ажилласан.
  • – 1998 онд Монгол Улсын Сангийн сайдаар ажилласан. Сангийн сайд байхдаа дараах ажлыг санаачлан хэрэгжүүлжээ.
  • Орон сууцны хувьчлал
  • Банк санхүүгийн салбарын шинэчлэл
  • Ажлын таван өдөрт шилжих
  • “Ногоон хувьсгал”-ын эхлэл
  • Сумдыг цахилгаанжуулах зэрэг эдийн засаг, санхүүгийн олон реформыг амжилттай хэрэгжүүлсэн.
  • Монгол Улс гаднын улсуудаас олон төрлийн хөнгөлөлттэй зээл, тусламж авах үйл ажиллагаанд чухал үүрэг гүйцэтгэв.

  • Гаагийн Олон улсын эрх зүйн академи, Европын холбооны Маастрихтын засаг захиргааны сургууль, АНУ-ын Жорж Вашингтоны их сургуулийн Хуулийн сургуульд Үндсэн хуулийн эрх зүй, Үндэсний аюулгүй байдал, санхүү, эдийн засаг, хүний эрхийн чиглэлээр, Токиогийн Олон улсын валютын сангийн сургуульд мэргэжил дээшлүүлсэн.
  • 1999 онд хөдөөгийн малчдад зориулсан “Буман нарны гэрэл” хөтөлбөрийг санаачилж хэрэгжүүлэхэд оролцов. Тус хөтөлбөрийн үр дүнд 500 мянган малчин өрхийн ахуй амьдралд чанарын өөрчлөлт гарч, тэд гэрэл цахилгаантай болж, зурагт үзэж эхэлсэн.

2000 –он

2004 – 2006 онд Монгол Улсын Боловсрол, соёл шинжлэх ухааны сайд

  • Хөдөөгийн сургуулийг хөгжүүлэх хөтөлбөр
  • Боловсролын салбар дахь хандивлагчдын механизмыг анх бий болгосон, үр дүнд түргэн хүрэх санаачилгын (Fast Track initiative) сангийн 30 гаруй сая ам.долларын буцалтгүй тусламжаар орон нутгийн цэцэрлэг, сургууль, дотуур байрны хүчин чадлыг нэмэгдүүлэх, тохижилтыг сайжруулах ажлыг эхлүүлсэн.
  • Багийн болон сумын төвийн бага сургуулийг дэмжих “УНШ” ( READ) төслийг Дэлхийн банкны буцалтгүй тусламжаар эхлүүлж анги бүрийг “Номын сан”- тай болгосноор хүүхэд ном уншиж, аав ээжтэйгээ хамтарч өөрсдөө ном бүтээдэг болов.
  • Хархоринд орчин үеийн музей байгуулах гэрээ байгуулж, ажлыг нь эхлүүлэв.
  • Япон Улсын дэмжлэгтэйгээр Палентологийн музей байгуулах ажлыг өрнүүлэв.
  • Археологийн анхны музейг байгуулсан.
  • Монгол Улсын соёл урлагийн байгууллагууд, аялал жуулчлалын компаниудтай хамтран ажиллах эхлэлийг тавив.
  • 2006 оноос УИХ дахь АН-ын бүлгийн зөвлөхөөр ажиллаж байгаад 2009 онд Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдоржийн Дэд бүтэц, эрдэс баялаг, эрчим хүчний зөвлөхөөр ажиллах болсон. 2012 онд Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга болж 2016 онд өөрийн хүсэлтээр ажлаа хүлээлгэж өгсөн.