ЧӨЛӨӨТ ЦАГ , СОНИРХОЛ

 “Эрүүл биед саруул ухаан оршино”

Ном унших

Монгол хэл, Монголын түүхийн ном унших дуртай. Багаасаа бүх хичээлдээ дуртай байсан ч Монгол хэл, Монголын түүхийн холбоотой хичээлд бүр их дуртай байсан юм. Энэ нь эх хэл, түүхээрээ бахархах энэ чиглэлийн ном бүтээл их уншихад нөлөөлсөн байх. Би Монгол Улсын Боловсрол, соёл шинжлэх ухааны сайдын ажил, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргаар ажиллаж байхдаа энэ талын ажлыг бас нэлээд санаачлан хийж, оролцсон гэж боддог. Бүх ард түмэнд өгөөжтэй тийм ажлуудын нэг гэвэл цаг хугацаа, орон зай хамаарахгүй ашиглаж болох “Монгол хэлний их тайлбар толь”, “Монголын түүхийн тайлбар толь” https://mongoltoli.mn/ бүтээлүүд гэж болно.

Аав маань ном уншиж байгаа хүнд ажил хуваарилдаггүй байлаа. Би түүнийг нь ашиглаж ус, түлээнд явахаас чөлөөлөгдөнө. Гэхдээ би ус, түлээнд ч явдаг, ном ч их уншдаг байлаа. Түүнээс гадна үлгэр тууль сонсож өссөн. Сургуульд байхад амьдардаг байсан Басан гэдэг айлын самган Жингээн гэж эмгэн байлаа. Жингээн гуай орой бүр үлгэр ярьж өгдөг. Ус, түлээний ажлаа хурдан гэгч нь амжуулчихаад үлгэрээ сонсоод унтана. Түүнээс гадна Балдан гэж нэг мундаг хүн байлаа. Жилд нэг удаа л тууль хайлна. Тэр хүмүүс намайг үлгэр, туульд дурлуулсан юм.
Тэр үед нэрт судлаач эрдэмтэн Дүгэрсүрэн гуайн хэвлүүүлсэн Жангар гэж хөх хавтастай туулийг уншаад үлгэр домогт жинхэнэ автаж байж билээ.

“Есдүгээр ангид байхад нагац эгч, гавьяат багш С.Отгонбаяр Эрдэнийн сан “Субашид” гэж ном өгсөн. Гурав гурван мөрөөр биччихсэн, Монголд ийм гайхалтай, эртний сургаал ном шастир байдаг юм уу гэж уулга алдаж гайхсан”

Спорт

Ууланд аялах, дугуй унах эрүүл мэндийн ач холбогдолтой нь мэдээж. Мөн амралт бас бяцхан аялал ч болчихно. Тиймээс би дугуй унах дуртай. Дугуй унасны дараа эрч хүч мэдрэгдэж, нэг их сайхан юм хийчихмээр, бүтээчихмээр санагддаг. “Нэг их амжилт гаргаагүй ч спортын олон төрөл сонирхож, хичээллэхийг эрмэлздэг. Юм юм руу ордог болохын хэрээр олон зүйл сурдаг болов уу”.

Газрын зураг цуглуулах

Монголын улс төрийн газрын зургийг цуглуулдаг. Түүнд байгаа газрын зургууд Монгол гэдэг улс, үндэстэн тухайн цаг үедээ ямар хэмжээний газар нутагтай байж вэ гэдгийг харуулах түүхийн баримт бичиг юм. Нэгэн цагт дэлхийн талыг эзэлж явсан Монгол Улс дэлхийн улс төрийн газрын зурагнаас арчигдан, алга болж байсан түүх ч бий. Энэ бүхнийг улс төрийн газрын зураг харуулдаг төдийгүй түүх судлах түлхүүр болдог.

Цуглуулгаараа Монгол Улсын газрын зургийн музей байгуулах мөрөөдөлтэй. Музейг үзээд монголчуудын эрт эдүгээгийн түүх, мандал бадрал, уналт доройтол гэж юу болох, одоо байгаа газар нутгаа хайрлаж хамгаалах, эв нэглэлтэй байхын утга учрыг мэдрэх болно. Хүүхэд багачууд маань музей үзээд эх нутагтаа эзэн байх, хөгжүүлэхийн ач холбогдлыг ч ойлгоно. Энэ нь тэдэнд эх орноо хайрлах үзэлтэй болоход бага боловч хувь нэмэр оруулах нь эргэлзээгүй. Түүнчлэн түүхийн хичээл, соёлын өв болох биз ээ.

Морь унах

Бага байхад “Адуутай ноцолдохоор бяр суудаг” гэж аав минь хэлдэг сэн. Үнэхээр ч адуутай ноцолдохоор хөл чангарч, тэнхээ сууж байх шиг санагддаг байв. Суурин газрын хүмүүс өдөр тутам морь унаад байхгүй ч эмээл хазаар, ташуур тэргүүтэн зэхэж өрх гэрийнхээ хойморт залдаг болсон. Сүүлийн үед хурдан морь сонирхдог, морь унах дуртай залуучууд олон болж байна. Залуу хойч үе маань үндэсний хувцсаа өмсөөд адуу мал, нүүдэлчин ахуйтай ойртож буй нь сайхан санагддаг.

“Манай аав жороо хээр морьтой байсан юм. Түүнийг нь унахын бөөн хүслэн. Заримдаа гэрийн даалгавар өгөөгүй гэж хэлчхээд оройжин морь унадаг байлаа. Одоо ч морь унах гэсэн “хорхой” дарагдаагүй л явна.”