Аав Луузангийн ПУНЦАГ
Аав Л.Пунцаг Халх гол, Баян Түмэнд 1939-1944 онд таван жил цэргийн алба хааж, жагсаалын дарга цолтойгоор цэргээс халагдсан.
Цэргээс халагдаж ирээд Бүүвэйн Ядамтай гэр бүл болсон бөгөөд баруун хилийг төвхнүүлэх ариун үйл хэрэгт гар бие оролцсон. Хилийн чинадад тусгай үүрэг гүйцэтгэж явсан эрэлхэг, эх оронч хүн.
Хожим миний асуултад ээж минь юу гэж хариулсныг огт мартдаггүй юм. Тэрбээр“Анх явахад /тусгай үүрэг гүйцэтгэхээр/ нь л тун эвгүй байсан. Цэргийнх болов уу гэмээр бие хаатай үл таних хүмүүс харуй бүрий болсны дараа манай гэрт ирээд нэг их удалгүй аавыг тань дагуулаад яваад өглөө. Аав тань ч олон үг хэлсэнгүй. Тусгай ажилтай л гэнэ. Би ч шалгаасангүй. Залбираад л хоцорлоо. Хэд хоногийн дараа бас л харуй бүрий болсны дараа үл таних хүн гэрээсээ унаж явсан моринд нь өмсөж явсан бүх хувцас, дотуур хувцсыг нь хүртэл эвхэж боогоод ганзагалчихсан авчирч өгөөд явсан. Унаж явсан морь, бүх хувцас нь эргэж ирчхээд байхад бие нь байхгүй. Ёстой эвгүй. Муу юм л бодогдоно. Алга дарам цаасан дээр бичсэн ганц үгтэй захиа ч гэж байхгүй. Би ч яах вэ уймарч байгаад арц сангаа тавиад, Цаст цагаан ууландаа /Мөнххайрхан уул. Нэрийг нь хэлэх цээртэй. “Цаст хайрхан”, “Цагаан уул” гэж хэлнэ/ залбираад цайныхаа дээжийг өглөө бүр өргөж байтал нэг өдөр шөнө дүлээс өмнө хүрээд ирлээ. Морьтой хүмүүс ирж байхад нохой хуцахгүй байна гэдэг эзэн нь л ирсэн гэсэн үг. Танихгүй хүмүүс ирвэл монгол банхар хуцаад, боргоод, эзнээ заавал сэрээнэ. Аав тань мориноос буумагц хувцас хунараа асуув. Хувцсаа солиод хүргэж ирсэн хоёр хүнд цай хоол өгөөд унаж ирсэн морио өгч буцаав. Ямар хувцас өмсөж ирснийг нь ч анхаарах сөхөө байсангүй.
Сүүл рүү гээ арай дасчихдаг бололтой юм билээ. Хэд хэдэн удаа явсан. Нэг удаа л их удаан явсан, ядарсан ч гэлээ эсэн мэнд эргээд ирсэн. Сүүлд сонсох нь ээ дайсанд баригдчих гээд Чингилийн голд олон хоног хоол унд муутай бүгэж байж амь мэнд гарсан юм байна лээ. Миний хар ухаанаар бодоход, бас ярианы зах зухаас нь чагнаж байхад нутгийн хамгийн хурдан морь унуулж, цэцэн буу үүрүүлээд хоёр хүнтэй хамт Алтай, Үрүмч рүү л явуулдаг байж. Тэр үед Хятадтай тогтсон нарийн хил гэж байгаагүй байх. Хилийн самуун үймээн ихтэй цаг байсан болохоор цэргийн эрдэмтэй, итгэлтэй хүмүүсээ л явуулдаг байсан байх гэж боддог юм. Аав тань ямар даалгавартай явж байснаа хэнд ч хэлэхгүй, төрийн нууцаа хадгалсаар байгаад л бурхан болсон. Харин ардчилалтай золгож чадсан бол нэлээд юм ярих байсан болов уу л гэж дотроо боддог ” гэж 2004 онд ярьж байж билээ.
Миний аав Пунцаг сүүлд Ардын Их Хурлын депутат болж төр улсаа удирдах, хууль батлах ажилд гар бие оролцож байсан хүн. Гэсэн хэр нь тэр ажлынхаа талаар ч гайхуулж ярьж байхыг санадаггүй юм. Эгэлгүй даруу хүн байж дээ, одоо бодоход. Бид ч асуудаггүй байсан байх.
“Аав их нягт нямбай, зарчимч. Мод их хөрөөдүүлнэ. Яг сантиметрлаад бүгд ижил хэмжээтэй хөрөөдүүлнэ.Хазгай хөрөөдөж болохгүй, зэмлүүлнэ. Боорцог хийхэд хүртэл яг ижил хэмжээтэй, дөрвөлжин зүсэхийг шаардана. \Дүү Пунцагийн Цагаанбилэгийн 2012 онд бичсэн дуртгалаас)
Аав маань сонин хэвлэл байнга уншдаг, ажилсаг нэр хүндтэй хүн учраас нутгийнхан их эмээдэг, хүндэтгэдэг байв. Холоос ирсэн хамгийн хүндтэй зочдыг, дарга нарыг манайхаар оруулдаг байж билээ. Сайд нарын Зөвлөлийн дарга Ж.Батмөнх гуай манайд ирж хуучилсан бөгөөд Гачуурт руу засмал зам тавиулах амлалт өгч, дараа жил нь биелүүлсэн байдаг. Сүүлд цагаан сараар /тэр үед нэгдэлчдийн баяр гэдэг байв/, Улаанбаатар хотын Намын хорооны дарга, Улс төрийн товчооны гишүүн Алтангэрэл гуай манай гэрээр зочилж, ээжийн чанасан цайг амтархан ууж байсан. Алтангэрэл дарга намайг эрдэм сайн сураарай гээд гар барьж үнсэв. Дарханы хонины нэхийгээр хийсэн нэхий дээл \дублёнок\ өмссөн даргаас үнэртэй ус хан хийхэд том дарга нар эмэгтэйчүүд шиг үнэтэй ус цацдаг юм байна даа гэж бодож байж билээ.