Усны эх нь булингартай бол адаг нь булингартай
УИХ-д нэгэнт сонгогдсон гишүүнээ шүүмжилж зүхэх нь өнгөрсөн борооны хойноос цув нөмрөхтэй адил. Төрийн байгууллагад, түүний дотор УИХ-д нэр дэвшинэ, нэр дэвшүүлнэ, сонгуульд оролцож саналаа өгнө гэдэг бол төрийг төвхнүүлэх чухал үйл хэрэг юм. Бидний гол дутагдал бол чухамхүү төрийг төвхнүүлэх хамгийн хариуцлагатай ажлын эх-гараанд хайнга, бодлогогүй хандаж ирсэн явдал. Усны эх нь булингартай бол адаг нь булингартай гэдэг. Тиймээс усныхаа эхийг буюу ундаргыг тунгалаг болгох талаар бодох цаг болжээ. Үүнээс үүдэж нэн түрүүнд УИХ-ын Сонгуулийн хуулийг чамбайруулахыг амьдрал шаардаж байна.
Нэр дэвшигчдэд шинэ шаардлага тавих
Орчин үед дэлхий дээр “улс” гэдэг тодотголтой 200 гаруй компани хөгжил, дэвшлийн төлөө уралдаж байна. Удирдагчид нь ямар байна вэ, улс орон ч, компанийн ажил үйлс ч мөн тийм л байна. Улс орны өрсөлдөх чадварыг үнэлж, хэмждэг дөрвөн багц шалгуурын нэг нь Засаглал, түүний үр өгөөж юм. “Монгол Улс” хэмээх компанийн Төлөөлөн Удирдах Зөвлөл нь Улсын Их Хурал. Томоохон компаниуд ТУЗ-ийн гишүүнд тавих шаардлага, нэр дэвшүүлэх, сонгон шалгаруулах зэрэгтээ онцгой анхаарах болов. Учир нь ТУЗ-ийн бодлого, шийдвэрээс компанийн хувь заяа шалтгаалдаг. Монгол хэмээх их айлын хувь заяа, ажил амьдралыг зохицуулсан хэм хэмжээ тогтоох онцгой бүрэн эрхтэй УИХ-ын гишүүнд нэр дэвшигчдэд нас, игэний харьяаллаас гадна шинэ шаардлага тавьж, шигших нь үндэсний эрх ашгийн төлөөх үйл хэрэг гэж үзэж байна. Үүнд:
Эрүүл мэндийн яам сонгуульд нэр дэвших сонирхолтой хүмүүсийг бие бялдар, сэтгэл мэдрэл, мансууруулах бодис, янз бүрийн донтолтын өвчний нарийн үзлэгт хамруулах хэрэгтэй. Эрүүл биед саруул ухаан оршино. Саруул ухаантнаас сайн хууль төрнө. Сонирхуулахад, нийгмийн гарал үүсэл, цэргийн цол хэргэм, шашны мяндаг зэргийг үл харгалзан, гагцхүү ухаанаараа доторсон эрдэмтэн мэргэдээр олон зуун жил улс орноо удирдуулсан үндэстэн бол Хятад юм. Тэд бичгийн чадвар, гүн ухаан, Күнзийн сургааль зэргээс бүрдсэн төрийн албаны шалгалтанд хамгийн өндөр оноо авсан хүнд хамгийн өндөр албан тушаал өгдөг байсан бөгөөд одоо ч энэ уламжлал ханхалдаг. Тэд боловсрол мэдлэгээс гадна эх орондоо хайртай байх зарчмыг мөрддөг болой.
Төрийн Албаны Зөвлөл /ТАЗ/ сонгуульд нэр дэвших сонирхолтой хүмүүсийн оюуны итгэлцүүрийн (IQ) түвшинг тогтоож, Монгол Улсын түүх, Үндсэн хууль, монгол хэлний кирил болон компьютерийн хэрэглээний чадварын тест авч, нийтэд зарлах буюу оюуны итгэлцүүрийн босго даваагүй хүнийг шууд хасах хэрэгтэй. Зарим оронд, эрэгтэйчүүд цэргийн алба хаасан байхыг шаардах, боловсролын түвшний босго шаардлага тухайлбал, Африкт бичиг үсэг тайлагдсан, Зүүн Азид ерөнхий боловсролын сургууль төгссөн, Казакстанд дээд боловсролтой гэх мэт тавьдаг бол Англо-Саксоны орнуудад дампуурлаасаа гараагүй, мөн гадаад орны өмнө үүрэг хүлээсэн этгээдийг парламентад нэр дэвшихийг хориглодог зэрэг олон янзын шаардлага, хязгаарлалтууд тавьдаг.
Дээр чухал үүргийг биелүүлдэг болохоосоо өмнө ТАЗ өөрөө асар их өөрчлөгдөх хэрэгтэй болно. Ядаж л тодорхой нэгэнд зориулж “сонгон шалгаруулалт” хэмээх “жүжиг” тавьж, төрийн албыг сулруулахад “хувь нэмэр” оруулдаг увайгүй үйлдлээ болих хэрэгтэй.
Татвар бол төр ба иргэний хоорондын суурь холбоо юм. Тиймээс татварын алба сонгуульд анх нэр дэвшигчийг сүүлийн 3 жилд тухайн тойрогт амьдарч, улсад татвар тасралтгүй төлсөн эсэхийг баталгаажуулдаг байж болох юм. Татварын ноцтой зөрчил илэрвэл нэр дэвших эрхийг нь нэг сонгуульд өнжүүлж болох талтай. Ингэхдээ уг асуудлыг шүүх маш шуурхай, эцсийн байдлаар шийддэг байвал зохино. Барууны ардчилсан орнуудад анхандаа зөвхөн татвар төлөгчид сонгуульд оролцох буюу төрийг төвхнүүлэх онцгой эрх эдэлдэг байсан түүхтэй. Манай өвөг дээдэс ч гэсэн “татвар төлдөггүй хүнийг малын дансанд бүртгэ” хэмээн лүндэн буулгадаг байсан билээ.
Нэр дэвшүүлэхэд хяналт тавих
Сонгуульд нэр дэвшүүлэх нь намын эрх хэмжээ мэт боловч угтаа төрийг төвхнүүлэх хариуцлагатай ажлын эхлэл учраас түүнд төрийн зүгээс хяналт тавих зайлшгүй шаардлагатай болно. Иймээс УИХ-д нэр дэвшүүлэх субьектүүдэд тавих шаардлагыг нарийвчилж,түүний хэрэгжилтэд хуулийн болон сонгууль зохион байгуулж буй байгууллага чанд хяналт тавьдаг болох нь зүйтэй. Энэ нь олон арга хэлбэрээр хэрэгжиж болно. Жишээ нь, намууд сонгуульд нэр дэвшүүлэх хурлын дэг, зохион байгуулалт, саналын хуудас, стандартыг тогтоож, санал хураалтыг зохион байгуулах, саналын дүнг тоолоход хяналт тавьж, батлагаажуулж болно. Өөрөөр хэлбэл, бүх нам нэгэн дүрэм журмаар “тоглож”, шударгаар нэр дэвшүүлж буйд хяналт тавина гэсэн үг юм. “Намын даргын санал намын удирдах байгууллагын саналын 50 хувьтай тэнцэнэ” гэсэн дүрэмтэй нам саяхан хүртэл байсан бөгөөд тэр дүрмээрээ сонгууульд нэр дэвшүүлж байсан нь үнэн түүх. Ийм дүрэмтэй нөхцөлд хэн нэр дэвших, бас нэр дэвшигч УИХ-д сонгогдвол хэний “утсан хүүхэлдэй” болох нь нэн ойлгомжтой. Ийм байдлыг цэглэх нь зүйтэй. Монголын зөвшилцлийн ардчилал цааш дахин нэг алхах, болж өгвөл холхон алхахыг эрхэмлэж байж сая илүү үр дүнд хүрнэ. Тийм учраас улс төрийн намуудын удирдагчид хариуцлагаа ухамсарлаж, даргын, намын явцуу эрх ашгаа давж, үндэсний эрх ашгийн төлөө эвлэлдэх, хамтран ажиллахыг цаг үе шаардаж байна.
Оролцоог дэмжих
УИХ-ын сонгуульд нэрээ дэвшүүлж, өрсөлдөнө гэдэг бол тухайн иргэний улс төрийн идэвх, төр түмний төлөө зүтгэх гэсэн эх оронч санаа бодлын илрэл гэж үзвэл зохино. УИХ-ын сонгуульд олон хүн өрсөлдөж, олон хүн сонгуульд санал өгөх тусам төр, түмний холбоо бат бэх, байгуулагдсан төр засаг нь ч чадамжтай, бас итгэл даах магадлал өснө. Иймээс Сонгуулийн хуулийг шинэчлэхдээ баримтлах энгийн бөгөөд маш чухал зарчим бол сонгуульд оролцох боломжийг аль болох тэлэх, дэмжих явдал юм. Жишээ нь, нэр дэвшээд сонгогдож чадаагүй боловч сонгогчдын тодорхой хувийн, тухайлбал, тойргийн сонгогчдын 10-аас доошгүй хувийн санал авсан бол төрөөс тогтоосон сонгуулийн зардлын 50 хувийг нэр дэвшсэн хүнд нөхөж өгдөг байж болно. Оролцоог хамгийн их дэмжих арга зам бол сонгуулийн зардлын хязгаар, зарцуулалт бөгөөд энэ тухай дор өгүүлсү.
Өрсөлдөх тэгш боломж олгох
Манай улсад үгүйлэгдэж, ардчилсан бусад оронд хэдийнээ хэвшсэн нэг зүйл бол сонгуульд нэр дэвшигчдэд өрсөлдөх тэгш боломж олгох явдал юм. Сонгууль бол автомашины уралдаантай төстэй зүйл. Автомашины уралдаанд гарааны зурхай, зам, зай, бариа чухал нь мэдээж боловч уг уралдаанд ямар маркийн, ямар хүчин чадалт хөдөлгүүртэй машинаар уралдах вэ гэдэг нь анхдагч зайлшгүй нөхцөл. Манай улсын сонгуулийн хувьд гараа, бариа, зам, зай нь осолдохгүй байна. Бусад нь алга буюу нэр төдий гэхэд хилсдэхгүй. Ижил зайнд, ижил мотортой машинаар уралдаж байж л уралдаан сая шударга болно. Машины мотор нь сонгуулийн хувьд мөнгө, бас дахин мөнгө. Францын парламентад нэг нэр дэвшигчийн сонгуулийн төсөв 2012 онд 98 мянган евро байхад Монголын парламентад нэр дэвшигчийн сонгуулийн зардал үүнээс хэд дахин их байсан нь яавч эрүүл үзэгдэл биш. Тийм учраас ямар зохицуулат хийж болох гэвэл:
– Нэг нэр дэвшигчийн сонгуулийн сурталчилгааны мөнгөний хэмжээнд хязгаар тогтоох; Тухайлбал, хязгаарыг нэг хүнд ноогдох ДНБ-ий хэмжээг 10-20 дахин үржүүлсэн дүнгээс хэтрүүлэхгүй байхаар тогтоож болно.
– Нэр дэвшигчдийн болон намын сурталчилгааны мөнгийг шилэн дансанд байршуулах бөгөөд сурталчилгаагаа сонгууль зохион байгуулах байгууллагын хуваарилсан хэвлэл, радио, телевизийн сувгаар, ижил талбай, хугацаанд явуулах;
– Тойргийн нийт нэр дэвшигчдийн хэвлэмэл материалыг нэг товхимол болгон сонгогчдод хүргэдэг, байршуулдаг болох, нэр дэвшигч материалаа тусдаа дангаар тараахыг хориглох;
– Нэр дэвшигчдийн сонгогчидтой хийх уулзалтыг хамтад нь зохион байгуулах;
Дундаж орлоготой иргэн сонгуулийн санхүүжилтын хүндрэлээс болоод УИХ-ын сонгуульд нэр дэвшиж чадахгүй байвал сонгуулийн хууль тогтоомж үндэсний эрх ашигт нийцэхгүй байна гэж үзвэл зохино. Сонгуулийн дүнд мөнгөний нөлөөлөл давамгайлах нь булингартай төр байгуулагдахын анхдагч шалтгаан мөн. Эрдэм чадалтай эмчийг сонгож биеэ эмчлүүлж, эрүүл болдог шиг эрдэм боловсролтой, ухаантай хүмүүсийг л олноор сонгож төр түшүүлж байж гэмээнэ Монголын заяа гэрэл гэгээтэй байх болно.
Улстөр, бизнесийн зааг
Монгол Улс одоо улс төр ба бизнесийг зааглах цагт тулж ирээд байна. Эс бөгөөс зарчимгүй, аль эсвэл хардлага дагуулсан улстөр, ёс зүйгүй бизнес, үлбэгэр төрийн дууль үргэлжилж, ард түмний түүхэн сонголтын хувь заяа ээдрээтэй болох эрсдэл нэмэгдэж байна.
Бизнес эрхлэгчид бол баялаг бүтээгчид, ажлын байр бий болгогчид, татвар төлөгчид, төрийн зардлыг нуруундаа үүрэгчид юм. Тэд бол буянтай хүмүүс, эх оронч хүмүүс. Тэдний төлсөн татвараар амьдардаг, татвараар цугласан мөнгийг зөв, ариг гамтай захиран зарцуулж, татвар төлөгчдөд тайлагнах үүрэгтэй, татвар төлөгчдийн итгэмжлэгдсэн хүмүүс бол УИХ-ын гишүүд юм. УИХ-ын гишүүний эрхэм чухал үүрэг бол бизнес эрхлэгчид, татвар төлөгчдийн эрх, ашгийг хамгаалах явдал. Ийм учраас ардчилсан орнуудын парламентын гишүүд шинэ татвар санаачлахаас зайлсхийдэг. Зарим оронд үүнийг шууд хориглодог. Татвар тогтоогч өөрөө татвар санаачлахыг ёс зүйгүй санаачилга гэж үздэг. Харин Засгийн газраас ирсэн татварын талаарх саналыг зөвшөөрөх, эс зөвшөөрөх онцгой бүрэн эрхтэй хүмүүс бол яах аргагүй хууль тогтоогчид юм.
УИХ-ын гишүүн бол Үндсэн хууль, ардчиллын түгээмэл зарчим, хэм хэмжээний дагуу өөрийн явцуу ашиг сонирхолыг биш, ард түмний эрх ашгийг хамгаалах үүрэгтэй байдаг. Тийм учраас бизнес эрхэлдэг хүн УИХ-ын гишүүнээр сонгогдоход зүй ёсны болон хийсвэр хардлага, сэрдлэгт өртөх их магадлалтай. Тийм учраас энэ асуудлыг бусад орны туршлагыг харгалзан дараах байдлаар зохицуулж болох юм.
Сонгох, сонгогдох нь Үндсэн хуулиар олгогдсон хүний эрх учраас бизнес эрхэлдэг хүмүүс сонгуульд нэр дэвшихийг хориглож болохгүй, харин ч дэмжиж болох юм. Гэхдээ тодорхой болзол нөхцөлтэйгээр шийдэх хэрэгэтй. Тухайлбал, бизнесмен хүн УИХ-д нэр дэвшиж, сонгогдсон тохиолдолд гурван сонголтын аль нэгийг хийхээ албан ёсоор зарлана. Эхний сонголт нь компаниа дуудлага худалдаагаар зарна. Үүнд төрийн холбогдох байгууллага хөндлөнгийн хяналт тавина. Хоёрдугаарт, компаниа хувьцаат буюу олон нийтийнх болгоно. Гуравдахь нь төрийн эрх бүхий байгууллагаас, тухайлбал, Төрийн өмчийн хорооноос томилсон удирдлагын баг уг гишүүний компанийг УИХ-ын гишүүний бүрэн эрх нь дуусах хүртэл удирдана. Тайлангаа нийтэд тавина. УИХ-ын гишүүн компанийн үйл ажиллагаанд ямар нэгэн хэлбэрээр оролцохыг хориглоно. Оролцвол гишүүнээсээ чөлөөлөгддөг байх хэрэгтэй. Ингэвэл УИХ-д сонгогдсон бизнес эрхэлж байсан хүмүүсийн үг үнэтэй, үйл хөдлөл нь хардлага сэрдлэг дагуулахгүй амар болно.
Сонгуулийн тов ба тогтолцоо
УИХ-ын сонгуулийг 2016 оноос эхлэн намар оройхон буюу ургац хураалт, хадлангийн хариуцлагатай ажил цэгцэрч, айлууд өвөлжөөндөө буун, сургууль номын ажил жигдэрсэний дараа 10 дугаар сарын сүүлч, 11 дүгээр сарын эхээр явуулдаг болбол хөрөнгө мөнгө хэмнэх, ажил бага алдах зэрэг олон давуу тал байна. Тэгээд ч АСЕМ-ийн дээд түвшиний уулзалт 2016 оны 7 дугаар сард болно. Бэлтгэх, зохион байгуулалтын ажил маш их байна. Улсынхаа нэр хүндийг бодох уу? Улсын их хурлынхаа сонгуулийг бодох уу? Улсаа ч бодье, сонгуулиа ч хийе. Мөн санхүүгийн буюу төсвийн жилээ 4 дүгээр сарын 1-нээс эхлүүлдэг болох нь зөв биш үү.
Сонгуулийн тогтолцооны хувьд одоогийн холимог хувилбарыг хадгалах нь зөв боловч пропорциональ тойргийг улсаар биш, бүсчилж байгуулах нь оновчтой болно.
Үргэлжлэл бий…
П.ЦАГААН. 2015.05.17