“Түүх унш. Түүхээ унш. Түүх дотор бүх юм бий.”
Уинстон Черчиль
НЭГ . ТҮҮХ МЭДЭХГҮЙ БОЛ ТҮҮХИЙН АЛДААГ ДАВТДАГ
Багын найз маань саяхан ярьж байна. Тэр: “Нэгэн “түүхч” зурагтаар “Цэдэнбал даргын үед төр засгийн эсрэг ямар ч жагсаал цуглаан гардаггүй байсан. Учир нь тэд сайн удирддаг байсан. Одоогийн эрх баригчид муу удирдаж байгаа учраас л..”гээд ярьж байна. Юу гэсэн үг вэ? Жагсаал, цуглаан хийх эрхгүй нийгэм байсныг мэдэх ёстой түүхч хүн тийн ярьж байхад өнөөгийн залуус өнгөрсөн нийгэм ямар байсныг яаж мэдэх вэ дээ? Түүхийг ингэж гуйвуулж болох уу даа! ” хэмээн бухимдав.
Монгол Улс 1990 онд НҮБ-ын “Хүний эрхийн түгээмэл тунхаглал”-ыг монгол хэлээр анх удаа хэвлэн нийтлэхдээ “тайван жагсаал, цуглаан хийх эрхтэй” гэдгийг “энх тайвны төлөө жагсаал цуглаан” хийх эрхтэй гэж утга санааг нь зориуд гуйвуулан орчуулж, нийтэлж байх вэ дээ!
Төрийг нам орлосон түүх
Хорин таван жилийн өмнө, “de-facto” Монгол Улсын төрийн эрх барих дээд байгууллага нь жилдээ нэг, хоёр удаа цугладаг Ардын Их Хурал биш, Сайд нарын зөвлөл ч биш, харин нэгэн нам байв. Намын байгууллага ямар шийдвэр гаргана төр, засгийн болон олон нийтийн бүх байгууллага түүнийг нь дагаж, хэрэгжүүлдэг байв. Нам төвтэй улстөрийн тогтолцоо гэдэг энэ. Намын шийдвэр улсын гадаад, дотоод бодлого, үзэл суртал, гэр бүлийн харилцаа, хүүхдийн хүмүүжил, гэмт хэрэгтэнд ногдуулах ялын бодлого зэрэг нийгмийн харилцааны бүхий л асуудлаар хэзээ ч гарч болно. Зарим нь “нууц”, “маш нууц”-ын зэрэглэлтэй. Намын шийдвэр бол “туйлын үнэн” бөгөөд ажил, амьдралаасаа уйдсан “тэнэг” хүн л түүнийг сөрнө. Сөрнө гэдэг одоогийнхтой огт адилгүй, уг шийдвэрийн талаар санал бодлоо хэлэх, сайндаа л зарим нэг зүйл заалтын талаар шүүмжлэнгүй хандах хэмжээнд байна. Ингэснээр “найдваргүй”, “намын эсрэг” этгээдийн хар дансанд орно. Албан тушаал буурна, ажлаас халагдана. Бүр цаашилбал шоронд орно. Хэвлэл мэдээллийн хэрэгслээр болон нууц албан тоотоор нэр хүндийг нь гутааж, нийгэмд шоовдорлоно. Эсэргүүнтэй харьцсан, уулзсан хүмүүс “До яам”-ны хараанд өртөнө. Тэр ч бүү хэл, ямар ч гэм зэмгүй үр хүүхдийг нь дээд сургуульд явах эрхгүй болгоно. Товчхондоо, эсэргүүнийг гэр бүлээр нь цээрлүүлнэ. Хахир өвлийн хүйтэнд орон байрнаас нь хөөж, аль нэг суманд малчин, уурхайд нягтлангаар цөлөх зэргээр шийтгэнэ. Ийм гунигт түүх дуусахгүй олон.
“Нам” баян, ядуугийн ялгаагүй, хувийн өмчгүй, шашин шүтлэггүй, хүн бүр чадлынхаа хэрээр хөдөлмөрлөж, хэрэгцээнийхээ хэрээр хэрэглэдэг нийгмийг байгуулах гэж Монгол Улсыг 70 жил удирдсан. Нүгэл ч үйлдсэн, буян ч хураасан. Эцэст нь мухардалд орсон. Монголын нийгэм ч хямарсан.
Намыг төрөөр сольсон нь
Монголын нийгмийн хямралын тайлал нь ардчилсан хувьсгалын үр дүн буюу нам төвтэй улстөрийн тогтолцооноос татгалзаж, төр төвтэй улстөрийн тогтолцоонд шилжих тухайн үеийн нийгмийн зөвшилцөл, тохиролцоо байв. Өөрөөр хэлбэл, улс орныг нам биш, төр удирдах тухай зарчмын шинэ сонголт хийсэн явдал юм. Үүнд, нэгэнт бодит байдал болсон олон намын тогтолцоо, ард түмний ардчилсан нийгмийн төлөөх сонголт, дэлхий даяар өрнөсөн ардчиллын гурав дахь давалгаа зэрэг олон хүчин зүйл нөлөөлсөн. Монголчууд намын шийдвэрээр биш, төрийн шийдвэр буюу УИХ-ын баталсан хуулинд захирагдаж амьдрах шинэ эрин эхлэв. Үүнийг 1992 оны Үндсэн хуулиар баталгаажуулсан. Үндсэн хуулийн хорьдугаар зүйлд “Монгол Улсын Их Хурал бол төрийн эрх барих дээд байгууллага мөн бөгөөд хууль тогтоох эрх мэдлийг гагцхүү Улсын Их Хуралд хадгална” гэж заасан. Энэ нь Монгол Улсын улс төрийн шинэ тогтолцоонд УИХ-ын эзлэх нэн хариуцлагатай, онцгой байр суурь, бүрэн эрхийг тодорхойлсон хэрэг юм.
ХОЁР. ШИНЭ СОНГОЛТЫН ШИЛЖИЛТ БА СУРГАМЖ
Өөрийгөө засахуй
Хэрэв манай улсын эдийн засгийн өсөлт саарч, иргэдийн эрх, эрх чөлөө зөрчигдөж, ардчилал, шударга ёсонд итгэх олон түмний итгэл суларч байгаа бол түүний шалтгаан хийгээд хариуцлага нь хүссэн ч, эс хүссэн ч Улсын Их Хурал, түүний үйл ажиллгаатай шууд холбогдоно. Учир нь Монголын нийгмийн амьдрал, хувь заяаг шийдэх хуулийг батлах буюу шийдвэр гаргах онцгой бүрэн эрх, хариуцлага зөвхөн УИХ-д хадгалагддаг. Ийм учраас улс орноо өөд нь татья гэвэл улс орны хувь заяаг шийдсэн шийдвэр гаргадаг УИХ-ынхаа бүтэц, зохион байгуулалт, үйл ажиллагааг боловсронгуй болгох, өрсөлдөх чадварыг нь сайжруулах талаар монгол хүн бүр санаа тавих, санал бодлоо хэлэх, шаардах эрхтэй, бас үүрэгтэй. Ардчилал бол үйл явц, явах зам учраас түүнийг байнга арчилж, тордож, бас засаж залруулж, боловсронгуй болгож байх ёстой.
Өнгөрсөн хугацаанд үе үеийн Улсын Их Хурал олон хууль баталж, улс орны хөгжил дэвшил, монголын ард түмний ардчилсан сонголтыг бэхжүүлэхэд чухал хувь нэмэр оруулсан нь дамжиггүй. Монголын ардчилал, зах зэээлийн эдийн засаг руу хийсэн хос шилжилтийн туршлагыг гадаадын зарим орон сонирхох болсон нь урам хайрлаж, нэгийг өгүүлж, хоёрыг бодогдуулна. Гэвч бид хүрсэн амжилт, магтаалд санаа амран тайвшрах, дороо хий эргэх бус харин ч сул, дутагдалтай талаа цаг алдалгүй засах төгөлдөржүүлэх, боловсронгуй болгохыг эрхэмлэх учиртай. Үүнд:
Дотоод зохион байгуулалтаа цэгцлэх
Монгол Улсын Их хурал бол дээд зэргийн зохион байгуулалттай, төрийн ухаалаг түшээдийн чуулган байх ёстой атал ухаантай болж харагдах гэсэн хувь хүмүүсийн тоглолт хийдэг тайз шиг, заримдаа хорвоогийн хамгийн болох болохгүй үг, бүдүүлэг явдлыг харуулсан “кино” шиг харагдах боллоо. Үүнийг болиулмаар байна. Яаж вэ гэвэл бидний замыг туулаад өнгөрчихсөн бусад орны бэлээхэн туршлагыг шууд авах хэрэгтэй. Тухайлбал:
Дэгтэй болох. Нэн түрүүнд хийх ажил бол УИХ-ын чуулганы танхимд гишүүн бүхэн тус тусын суудлаасаа үг хэлдгийг болиулж, зөвхөн индэр дээрээс олонх, цөөнх, намын бүлэг, Байнгын хороог төлөөлж үг хэлүүлдэг болох хэрэгтэй байна. АНУ-ын Конгрессийн 434, Сенатын 100, аль эсвэл Германы Бундестагийн 599 гишүүн бүхэн нэр дэвшигчээс, аль эсвэл нэг хуулийн төслийн талаар 5 минут асуугаад дараа нь саналаа хэлнэ гэвэл юу болох вэ?
Чуулганы индэр дээрээс УИХ-ын албан ёсны бүтэц, зохион байгуулалтыг төлөөлж л үг хэлдэг байвал зохилтой. Ингэвэл УИХ, намын бүлгүүд ч дотроо нарийн дэгтэй болно. Бүлгийн дарга нар аль гишүүнээрээ хэзээ үг хэлүүлэхийг мэддэг байх учиртай. Бусад оронд ийм туршлага бий.
Хүндлэл, уламжлал бол сул доройн шинж биш, харин ухаантайн шинж юм. УИХ-ын үйл ажиллагаанд манай ард түмний ах захаа хүндэтгэх ёсон, соёл уламжлал, хөгжил шинэчлэл, дэг жаяг, эрэмбэ цэгц нэвт шингэсэн байх нь төрт ёсонд нийцнэ. УИХ-ын суудлын хуваарилалт нь нам бүлгийн өнгө гэхээсээ илүү, ахмад буюу сонгогдсон хугацаа, дарааллаар байж болмоор. Шинээр сонгогдсон гишүүн өмнө нь сонгогдож байсан гишүүдэд өөрийгөө танилцуулдаг, хүндэтгэлтэй ханддаг жишээ гадаадын олон оронд бий. АНУ-ын тэргүүн хатагтай байж байгаад Сенатын гишүүнээр сонгогдсон Хиллари Клинтон Сенатын хамгийн ахмад гишүүний өрөөнд ороод өөрийгөө танилцуулж байхыг харахад төрийн уламжлалт ёс жаяг нь сайхан санагдаж байж билээ. Түүхийг эргэн харвал, АНУ нэн шинэ түүхэнд хамаарах залуу улс шүү дээ. Ахмадаа хүндлэх, төрт ёсоо дээдлэх, үг хэл, үйлдэл хөдөлгөөнөө цэнэж бодолцох нь зөвхөн гадаадаас авах ёстой жишиг биш, бидэнд эртнээс байсан уламжлал гэдгийг төрд алба хашиж буй хэн хүнгүй бодох хэрэгтэй.
Төрийн шийдвэр түмний төлөө байх. УИХ бол монголын ард түмний нэрийн өмнөөс, тэдний эрх ашгийн төлөө шийдвэр гаргадаг төрийн хоймор. УИХ-д сонгогдсон хүмүүс бол төрийн түшээд, намын лидерүүд, төрийн бодлого тодорхойлогчид байх ёстой. Ийм учраас УИХ-ын гишүүн бүр нийт үндэсний эрх агийг хамгаалан өөрийн итгэл үнэмшлээр, бусдын нөлөөнд автахгүй ажиллах нөхцөл баталгааг хангах нь чухал. УИХ-ын гишүүн хэлэлцэж буй асуудалд фракц, намын болон бизнесийн явцуу эрх ашгаар хандах ёсгүй. Түүнээс гадна гадаад улсын нөлөөнд автах буюу үүрэг даалгавар авахыг хуулиар хориглох нь зүйтэй. Ийм зохицуулалт олон оронд бий. УИХ-ын гишүүд шүүгчтэй адил “Нөлөөлийн мэдүүлэг” бичиж, УИХ, холбогдох байгууллагад мэдээлдэг байж болох юм. УИХ-ын гишүүн гадаадын иргэн, байгууллагатай ажил төрөлтэй нь холбоотой уулзалт хийсэн бол ярианы тэмдэглэлээ УИХ-д заавал өгдөг тогтолцоог бий болгох нь зүйтэй. Энэ бол монгол төрд байсан уламжлал, бас бусад оронд буй түгээмэл жишиг.
Манай улсын иргэд болон бизнесийн төлөөлөл УИХ-аар шийдвэр гаргуулах буюу гаргах гэж буй шийдвэрт нь нөлөөлөх сонирхолтой байгаа бол “уулзалт хийнэ”, “лобби” хийнэ гэдгээ УИХ-ын Тамгын газарт албан ёсоор бүртгүүлдэг, түүнд нь Тамгын газар тусалдаг журамд шилжвэл зохино.
Тогтвортой бүтэц чухал. УИХ-ын Байнгын хорооны бүтэц зохион байгуулалт 2-4 жилийн настай, хэврэг байгаа нь төрийн ой санамжинд сөрөг нөлөө үзүүлж байна. Байнгын хороодоо уламжлалт бүтцээс гадна мэдээллийн технологи, залуус, уламжлал, шинэчлэл, байгаль орчин зэрэг шинэлэг агуулгаар байгуулж, сонгууль бүрийн дараа өөрчлөгддөгийг нэн даруй зогсоох хэрэгтэй.
Итгэлцэл, хамтын ажиллагаа. Төрийн хойморт заларч буй намынхан болон нийт гишүүний дунд итгэлцэл, хамтын ажиллагаа чухал байдаг. Үүний тулд хоёр алхам хийх хэрэгтэй байна. Үүний тулд хоёр алхам хийх хэрэгтэй байна. Нэгдүгээрт, Улс төрийн намуудын нэг ордонтой болж, түүнийг төрийн өмчлөл, хамгаалалт, үйлчилгээнд байлгах. Уг ордонд намууд УИХ-д авсан суудлаараа хувь тэнцүүлэн байр, талбай авдаг болбол намууд мөнгө олох гэж бизнестэй хутгалдаж, нөлөөнд нь автаж, цагаа дэмий зүйлд үрэх биш, намынхаа бодлого, үзэл санааг сурталчлах, сургалт явуулах, улс орны дараагийн лидерүүдийг бэлтгэх ажлаа сайн хийх болно. Тэр нь чухамхүү үндэсний эрх ашигт нийцнэ. УИХ-д сонгогдсон бие даагчид ч тэр ордонд суух боломжтой байх ёстой. Бид Монгол гэдэг нэгэн их айлын хүүхдүүд, ахан дүүс учраас хоорондоо эвдрэлцэх бус, харин нэг байранд эв түнжинтэй ажиллаж, улс Монголынхоо төлөө оюун бодлоо уралдуулж суух цаг болсон. Хоёрдугаарт, УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн даргыг цөөнх санал болгож, олонх баталдаг жишиг байдгийг судлахад илүүдэхгүй. Энэ бол итгэлцлийг бий болгох бас нэг механизм. Мөн УИХ-д дэг сахиулагчтай болох шаардлага байж болох юм.
УИХ Үндсэн хуулиндаа хүндэтгэлтэй хандах
Манай улсын түүхийн сургамж, ардчилсан орнуудын туршлагаас санаа авч, иргэдийн эрх, эрх чөлөө, хариуцлага, шударга ёс, хууль ёсны баталгааг хангах зорилгоор Үндсэн хуулинд Улсын Их хурлаар баталсан хуулийг албан ёсоор нийтлэнэ, Хуулинд өөрөөр заагаагүй бол нийтэлснээс хойш арав хоногийн дараа хүчин төгөлдөр болно”, Монгол Улсын шүүх “нийтлээгүй хуулийг хэрэглэх эрхгүй” гэсэн заалтуудыг оруулсан юм. Энэ нь энгийн үгээр хэлбэл УИХ-ын баталсан хуулийг нийтэд зориулж заавал хэвлэнэ. Хэвлэгдсэн хууль л мөрдөгдөнө. Ингэхдээ хэвлэгдснээс хойш тодорхой хугацааны дараа хүчин төгөлдөр болно. Энэ нь уг хуулийг дагаж мөрдөх хүмүүс хуультай танилцах боломж олгож байгаа хэрэг болно. Хуулийг хэрэглэж эхлэх баталгаатай хамгийн бага хугацаа нь хэвлэгдснээс хойш 10 хоног байна гэсэн үг юм.
Өөр нэгэн онцгой чухал баталгаа нь Монголын шүүх нийтлэгдээгүй хуулийг хэрэглэхгүй байх зарчим. Иргэн бүр ямар хууль хэзээ нийтлэгдснийг тэр болгон нарийн мэдэх боломжгүй байж болно. Тийм учраас хууль ёс, шударга ёсны баталгаа болсон шүүх эрх мэдэл нийтлэгдээгүй хуулийг хэрэгжүүлээгүй буюу дагаж мөрдөөгүйнх нь төлөө хэнд ч хариуцлага хүлээлгэхгүй байх баталгааг Үндсэн хуульд суулгасан юм. Энэ зарчим хэрхэн хэрэгжиж ирснийг, тодруулбал нийтэгдээгүй хуулийг зөрчсөн хүмүүст хариуцлага хүлээлгэсэн эсэх, аль эсвэл хариуцлагаас чөлөөлсөн эсэхийг судлууштай санагдана. Бусад ардчилсан улс орнуудад парламентын баталсан хууль төрийн албан ёсны хэвлэлд нийтлэгдснээс хойш хуульд заасан хугацааны дараа, аль эсвэл тухайн орон нутгийн нийтийн номын санд хүргэгдсэнээс хойш 14 хоногийн дараа мөрдөгдөнө гэх зэрэг заалтууд байдаг.
Манай УИХ хуулийн төслөөр санал хурааж баталмагцаа нийтлэлгүйгээр хүчин төгөлдөр болгож байгаа нь Монгол Улсын Ерөнхийлөгчид Үндсэн хуулиар олгогдсон УИХ-ын баталсан хуульд хориг тавих бүрэн эрхэд давхар халдаж байгаа хэрэг юм. Аль ч улс оронд Ерөнхийлөгч хүчин төгөлдөр болсон хуульд хориг тавьдаггүй. Харин хүчин төгөлдөр болж мөрдөгдөхөөс өмнө, парламентын баталсан хуульд хориг тавьдаг. Энэ бол Үндсэн хуулийн эрх зүйн нийтлэг онол, практикийн маргаангүй асуудал. Тийм учраас УИХ-ын баталсан хуультай Ерөнхийлөгч танилцаж, хориг тавих эсэхээ шийдсэний дараа, эсвэл хориг тавих хугацаа өнгөрсний дараа хэвлэгдэх ёстой.
Одоогийн хууль тогтоомжоор УИХ-ын баталсан хуулийг Ерөнхийлөгчийн Тамгын газарт ирүүлснээс хойш Ерөнхийлөгч ажлын тав хоногт багтаан танилцах нь нэлээд давчуу хугацаа байгааг ч анхаарвал зохино. Олон хууль, багц хууль батлагдаж ирсэн тохиолдолд уг хугацааг сунгах боломж олгох нь зүйтэй санагдана. Хуульд хориг тавина гэдэг Ерөнхийлөгчид олгосон давуу эрх биш, харин уг хуулийг дахин нэг шүүрдэх, чамбайруулах, алдаа онооноос сэргийлэх чухал механизм гэж үздэг болно.
Хуульд өөрөөр заагаагүй бол гэдэг нь хэвлэгдсэнээс хойш дор хаяж 10 хоног гэж ойлгох учиртай. Жишээ нь Шилэн дансны хуулийг 2014 оны 7 дугаар сарын 1-ний өдөр батлахдаа 6 сарын дараа 2015 оны 1 дүгээр сарын 1-нээс хүчин төгөлдөр болсон.
Хуулийг хэвлэх, цахим орчинд байрлуулах ч хангалттай биш, түүнийг олон нийтэд сурталчлах, тайлбарлах нь хууль хэрэгжихийн нэг урьдчилсан нөхцөл гэдэгтэй маргах хүн гарахгүй биз. Эртний төрт ёсны түүх, ардчилалтай Грек, Ромд хүртэл сайтар бодож боловсруулсан, товч тодорхой хууль дүрмээ олны хөл хөдөлгөөн ихтэй худалдаа арилжааны зах, гудамж, нийтийн уралдаан, тэмцээний талбайд том самбар, баганан дээр сийлж, удаан хугацаанд тууштай судлуулж, мөрддөг байсан болой.
Хууль батлах, түүнд хориг тавих, хэвлэх, хүчин төгөлдөр болох, дагаж мөрдөх зэрэг нь хоорондоо нарийн ялгаатай өөр өөр ойлголт болно.
Дараа болсон эвэр, туурайнаасаа татгалзах
Өнгөрсөн хугацаанд бодит үндэслэл гэхээсээ илүү элдэв нөлөөгөөр УИХ дэргэдээ янз бүрийн гүйцэтгэх эрх мэдлийн эрх, үүрэг бүхий байгууллага байгуулсан нь өөрт нь тээр болохоос гадна улсын хөгжилд саад, чөдөр тушаа болж, хор хохирол учруулах болсныг анзаарч, засаж залруулах цаг болжээ. Энэ байдал цаашид үргэжилбээс Үндсэн хуулийн суурь зарчим, засгийн эрх мэдлийг хуваарилах онол, дэлхий дахины түгээмэл жишгээс гажихад хүрнэ. УИХ-ын Үндсэн хуулиар хүлээсэн онцгой бүрэн эрх бол татвар, төсөв, хууль батлах юм. Энэ эрх үүргээ хэрэгжүүлэхэд тустай, шаардлагатай судалгааны болон хяналтын 2-3 байгууллагыг л авч үлдээд бусдыг нь гүйцэтгэх эрх мэдэл рүү нэн даруй шилжүүлмээр байна. Үүнийг шийдэхэд мөрдөгдөж буй Үндсэн хууль огт саад болохгүй, харин ч нийцнэ. Чухамдаа Үндсэн хуулийн бус, шинээр байгуулагдсан байгууллагуудын нийтлэг дүр төрх бол үйл ажиллагаа нь үр ашиг муутай, хөшүүн, хариуцлага бараг хүлээдэггүй, данхар эрх мэдэлтэй учир улс орны хөгжил дэвшилд нэмэр биш, нэрмээс болж байна. Тухайлбал, 4 жил заваараа ажиллаж, 40 хоног завгүй ажилладаг Сонгуулийн Ерөнхий Хороо байна. Энэ байгууллагын үүргийг Статистикийн байгууллага руу шилжүүлж болно. Сонгуулийн санал хураалт зохион байгуулах нь мал, хүн амын тооллого зохион байгуулахаас нэг их ялгаа байхгүй.
Хорин жил болохдоо ганц Хөрөнгийн биржийг амилуулж, ажиллуулж чаддаггүй Үнэт цаасны хороо, юу хийдэг нь тодорхойгүй Санхүүгийн Зохицуулах Хороог нийлүүлээд, зарим үүргийг нь Төв банкинд өгчихөж болно. Мөн дэлхий дээр байхгүй бие даасан нэртэй боловч нидэр дээрээ хаана ч байхгүй хорлон бусниулагч, мөнгөний бодлого явуулдаг Монгол банкны Ерөнхийлөгчийг Сангийн сайдын саналаар УИХ-тай зөвшилцөж томилдог байхад л болно. Дэлхий дээрх хамгийн баян Баялгийн санг удирдаж, хяналт тавьдаг Норвегийн Төв банкны Ерөнхийлөгчийг тэгж томилоод сайн ажиллуулаад болж л байна. Ядахдаа мөнгө хэвлэх эрхийг Сангийн сайдад, гүйлгээнд оруулах эрх нь Төвбанкинд байдаг дэлхийн жишиг рүү шилжих цаг хэдийнээ болсон.
Авлигатай тэмцэх нэрээр юуг, яаж хийхээ мэдэхгүйгээр дотоод, гадаадын хөрөнгө оруулагчид, баялаг бүтээгчдийн эсрэг “загалмайтны” дажин өрнүүлж, Монгол Улсыг олон улсын тавцанд үнсэн дээр хаягдсан шалз мэт болгож буй гурван үсэгтэй газрыг даруй татан буулгаж, үүргийг нь Цагдаа болон Төрийн албаны зөвлөлд шилжүүлбэл олны нуруу тэнийж, улсын хөгжил урагшлах байх даа..
Товчдоо, УИХ илүүдсэн эвэр, туурайнаасаа хэдий чинээ хурдан татгалзана, төдий чинээ улсын хөгжилд тустай байх болно гэдэгт итгэж байна.
Зөвшилцөл, сонсгол, импичмент
Төрийн шийдвэр буюу УИХ-ын баталсан хуулийг хэрэгжүүлэх, төрийн хүний нөөцийн бодлогыг чанд байлгахад онцгой анхаарах цаг болжээ. УИХ нэгдүгээрт, “Ерөнхийлөгч болон Ерөнхий сайдын санал болгосон төрийн дээд албан тушаалтныг томилоход зөвшилцдөг байх буюу УИХ зөвшөөрсөн тохиолдолд л томилдог болох зарчмыг сонгодог утгаар нь хэрэгжүүлэх”, хоёрдугаарт, УИХ-тай зөвшилцөж томилогдсон албан тушаалтны ажил үүрэгтэй холбоотой асуудлаар нээлттэй сонсгол, хянан шалгах сонсгол хийдэг, шаардлагатай гэж үзвэл импичментээр огцруулдаг болох. Мөн УИХ-д мэдээлэл хийж байгаа болон мэдүүлэг өгч байгаа албан тушаалтан, иргэн тангараг өргөж зөвхөн үнэнийг хэлдэг, худал хэлсэн бол хариуцлага хүлээдэг тогтоолцоог бий болгох шаардлагатай байна.
П.ЦАГААН. 2015-05-14