Холын зорилго үгүй бол ойрын зовлон оршино
Өвгөдийн сургаалиас
Манай улсын эдийн засаг агшиж, валютын нөөц шавхагдаж, төгрөгийн ханш сульдаж, төсвийн орлого хумигдаж, хөрөнгө оруулагчид дайжиж байгаа нь Монголчууд бидний өмнө тохиож байгаа хүндхэн сорилт. Энэ бол нууц биш. Товчхондоо, том зорилтууд алсарч, ойрын зовлонд сөгдөх нь байна.
Ийм байдалд хүргэсэн гадаад болон дотоод хүчин зүйл нь юу байв? Энэ асуулт томоос том хариулт нэхсээр байна. Гэтэл бид энэ асуултын өмнө үр дагавар, үзэгдэлд л санаашран цаг алдсаар…
Өнөөдөр Монголд илтэд дайсагнасан улс орон нэгээхэн ч алга. Манай улсын эсрэг эдийн засгийн болон улс төрийн хориг арга хэмжээ авсан зүйл алга. Харин ч Монгол Улсын гадаад харилцаа сүүлийн жилүүдэд нэн таатай байгаа. Тийм болохоор өнөөгийн эдийн засаг, төсөв, санхүү, хөрөнгө оруулалтын хүндрэл, бэрхшээл, нүүрлэж болзошгүй хямралын аюулын учир шалтгааныг гаднаас биш, дотоодоосоо, өөрсдөөсөө хайх нь зүйд нийцнэ.
Энэ талаар нийгэмд өргөн хэлэлцүүлэг яваасай, тийм хэлэлцүүлгийг төр, засгийн түвшинд олон талаас хамтарч хийгээсэй гэж хүсч, уриалж байна. Өчигдөрхөн болсон Монголын эдийн засгийн чуулган бас ч гэж олон асуудлыг хөндлөө.
Миний бодлоор, өнөөгийн хүндрэл бэрхшээлийн шалтгааныг манай экспортын бүтээгдэхүүний үнийн уналт, өмнөх засгийн бодлогын алдаа оноотой холбон тайлбарлаж, амиа аргацааж болох ч, ужгирсан гурван гол шалтгаан байна. Эхнийх нь Үндсэн хуульд оруулсан дордуулсан өөрчлөлтүүдээс улбаатай болон улбаагүйгээр төрийн босго намсч, боловсон хүчний бодлого алдагдсан; удаах нь төр засгийн хэврэг бүтэц; гурав дахь нь хууль, эрх зүйн төгөлдөршөөгүй, тогтворгүй орчин.
Төр барих ухаан
Дэлхий дахинд төрт ёсыг түгээн төвхнүүлж явсан бидний өвөг дээдэс төр барихуйн арвин их түүх, туршлага, соёлтой байсан. Хаад, ноёд төрийн түшээ болох хүмүүсийг яг л аргамаг хүлгээ шинжих мэт үйл хөдлөл, ухаан бодол, зан төлөв, хүний мөс, ноён нуруу, авьяас чадварыг нь шинжин тодруулж, хэр чинээнд нь таарч тохирох ажил даалгадаг байжээ. Учир нь тэдний ажил, үйлсээс төрийн үйл хэргийн хувь заяа, сүр сүлд цогцолдог байсанд оршино.
Орчин цагт ч ялгаагүй, улс орнууд авьяас чадварт суурилсан мерит тогтолцоо руу шилжиж, өөр хоорондоо өрсөлдөж байна. Манай улс 1990 оноос өмнө де-юре тусгаар тогтносон улс байсан. Гэвч түүний удирдагчид, боловсон хүчний бодлогыг олон жилийн туршид харийн орон тодорхойлж, оролцдог байсан нь гашуун үнэн. Тиймээс бие даасан улс төрийн бодлого, боловсон хүчний бодлого явуулах түүхэн боломж олгосон Ардчилсан хувьсгалын дараа 1992 оны Үндсэн хуулийн төслийг боловсруулж батлахдаа нийт ард түмнээрээ шүүн хэлэлцүүлж, ардчилсан төрийн тогтолцоо, боловсон хүчний бодлого, тэдгээрийн уялдаа холбоонд онцгой анхаарч олон чухал заалт оруулсан.
Ингэхдээ Монголын түүх шаштир, сургамж, бас гадаадын ардчилсан улс орнуудын хууль, практик, Үндсэн хуулийн эрх зүйн онол, сургааль зэргийг судалж, харгалзсан. Зарим тодорхой санааг ч авсан. Тухайлбал, төрийн албан тушаалтныг зөвшилцөж томилох зарчим. Зөвшилцөнө гэдэг бол нүүр тахалсан чамин үг биш. Гүнзгий утга учиртай. Энэ үгийг франц хэлний “sur l’avis et avec le consentement du Senat“, английн “ by and with the advice and consent of the Senate”, оросоор “по совету и с согласия Сената“ гэсэн нэр томьёо, зарчмаас авсан.
Гол санаа нь төрийн нэрийн өмнөөс, төрийн чухал үйл хэргийг гүйцэлдүүлэх өндөр хариуцлагатай албан тушаалтан томилогдохдоо гүйцэтгэх болон хууль тогтоох эрх мэдлийг хэрэгжүүлж буй сүбьектүүдийн дэмжлэгийг авсан байх болзол. Аль алиных нь дэмжлэгийг авна гэдэг бол төрийн албаны өндөр шаардлага, босгыг давж байна гэсэн үг. Үндсэн хуулийн эх баригч Б.Чимид даргын туслах байхдаа Үндсэн хуулийн төслийн анхны ноорог дээр “зөвшөөрснөөр”, “зөвлөлдөж зөвшөөрснөөр” “зөвлөгөө, зөвшөөрлөөр” гэх зэрэг янз бүрийн үгээр явж байснаа “зөвшилцөнө” гэдэг үг дээр тохирсныг санаж байна. Үгийн үндэс нь “зөв” бөгөөд аль аль нь “зөв” гэж байж сая зөвшилцсөн болно, эерэг утга бүхий үйл явц, зөвшөөрсөн гэсэн санааг давхар илэрхийлдэг тухай ярьж байсан.
Гэтэл өнөөдөр “зөвшилцөнө” гэдэг нэг нэр томьёог язгуур утга санааг нь гуйвуулж, “дэмжсэн бол томилно”, “дэмжээгүй бол өөр нэр дэвшигч оруулж ирнэ”, “дэмжихгүй байсан ч томилно” гэсэн гурван өөр утга санаа бүхий хувилбараар хэрэглэж байна. Мөн чанарын гажуудал эндээс үүсч байна. Үүнийг л зарчмын хувьд байранд нь оруулж, засаж залруулахаас боловсон хүчний бодлогын шинэтгэл хийх, хариуцлага тооцох, цаашилбал Монгол Улсыг авч явах удирдахуйн ухааны бяд, өрсөлдөх чадвар шалтгаална.
Хэдэн жилийн өмнө АНУ-д төрд чухал алба хаших хүмүүсийг яаж зөвшилцөж томилдогийг ажигласан юм. АНУ-ын Ерөнхийлөгчийн шалгуурыг даваад ирсэн Дээд шүүхийн гишүүнд нэр дэвшигчийг дэмжих эсэхээ шийдэхийн тулд Сенат тухайн нэр дэвшигчийн өмнө гаргасан шүүхийн тогтоол шийдвэр, бичсэн бүтээл, хэлсэн үг зэрэг бүх л мэдээллийг судалж, дүгнэлт хийлгэж байж билээ. Ингэж л итгэл даах хүнд төрийн жолоо, цулбуурыг атгуулдаг ажээ. Тийнхүү зөвшилцлөөр томилогдож байгаа хүн нь ч, үйл явц нь ч бүхэл бүтэн үйл явдал, хэвлэл мэдээллийн хэлэлцүүлэг болон өрнөж, олон түмний итгэл, дэмжлэг, хариуцлага болж хувирдаг.
Гэтэл манай улсад бол авьяас чадвар, төр түмний төлөө зүтгэх хоёргүй сэтгэлд суурилах учиртай Төрийн алба маань намын – фракцын – төрлийн – хувийн гэсэн дарааллаар сүүлчийн зогсоол руугаа гулсаж явна. Төрийн албаны босго шат шатандаа намсахын хэрээр төр лүү шургалах гэсэн нийгмийн үнэлэмжгүй, ёс, яс, оюу муутай хүмүүсийн тоо олширно. Яг л монгол гэрийн босго намсахаар оготно, зурам хүртэл давж ороод айл гэрийн амьдралыг сүйтгэдэг шиг. Тэдний ажлын балаг, сэг зэм дээр хар хэрээ, хон хэрээд эргэлдэх нь ч аргагүй.
Боловсон хүчний хязгаарлагдмал нөөцтэй манай орны хувьд нам, нам бус, нутаг нуга, фракцаар хувааж байгаа нь Монголын ард түмний язгуур эрх ашигт нийцэхгүй. Ардчилсан нийгэм, зах зээлийн эдийн засгийг тууштай дэмждэг, мэргэжилдээ сайн эрдэм номтой залуусыг төрийн албанд оруулж, сургаж, дэмжих цаг ч болж. Тэдний тархийг улс төржүүлж, нийгмийн хуваагдлыг гүнзгийрүүлэх ёсгүй. Үүний тулд намын хатуу гишүүнчлэлийг цуцлах хэрэгтэй. Намууд ч фракцаасаа татгалзах учиртай.
Энэ эрчээр жингүйдсээр, хүний нөөцийн бодлогодоо эргэлт хийхгүй байвал Монгол гэдэг их айл өрсөлдөөнт ертөнцийн шуурганд барьц алдах, хөгжлийн замаас хальтарч гарах эрсдэл ч энүүхэнд. Ийм учраас улсын хөгжилд ухаан, сэтгэл, ур чадвраа харуулах боловсон хүчний шинэ бодлого эхлүүлэх хэрэгтэй байна.
Хэврэг, ой санамжгүй бүтэц
Саяхан нэг томоохон хөрөнгө оруулагчтай уулзтал, “танай улсад хөрөнгө оруулах төслийнхөө талаар нэг жил хэртэй хугацаанд судалгаа хийгээд, шийдвэрээ гаргачихаад ирсэн чинь танай Засгийн газар, Ерөнхий сайд солигдчихож. За яахав, байж болох л юм. Хамгийн гайхширалтай нь бидэнтэй харьцаж байсан яам бүрмөсөн алга болчихож. Яамдыг хуулиар байгуулдаггүй юм уу? Цаашид бид татварын орчин тогтвортой байх эсэхийг судлахаас гадна харьцаж байгаа яам, агентлаг маань тогтвортой байх эсэхийг нь тандаж мэдэх нэмэлт ажил гарч байна” гэв. Хариулт олдсонгүй.
Манай өвөг дээдэс, ахмад үеийнхэн маань төр, засгийн бүтэц зохион байгуулалт, нэрийг тогтвортой байлгахыг эрхэмлэдэг байв. Богд хаант Монгол Улсын үед ч, Ардын засаг байгуулагдахад ч таван яамтай л байлаа. Гэтэл одоо, ерөнхий сайд болгон УИХ-аас томилогдоод ажлынхаа өрөөтэйгээ танилцахаас өмнө төрийн яамд, агентлагуудыг салгаж, нийлүүлж, татан буулгаж, нэр, хаягийг нь сольж бужигнуулна. Тэр ч бүү хэл яам, агентлагийг тухайн нэг намын мэдэлд өгөх, бүр сүүлдээ фракцад “өмчлүүлдэг” болсон нь гунигт үнэн.
Ерөнхий сайдыг залгаад шинээр томилогдсон сайд, дарга нар болгон очсон яам, агентлагийнхаа бүтэц зохион байгуулалт, боловсон хүчнийг бужигнуулж, төрийн жинхэнэ албан хаагчдыг үүрээ эвдүүлсэн шоргоолж шиг болгоно. Төрийн ажил зогсч, ой санамж саажиж эхлэнэ. Энэ дайрлагын сүүдэр, эцэс төгсгөлгүй маргаан дараагийн сонгуультай залгана. Сонгуулийн дараа энэ чөтгөрийн тойрог дахин давтагдана..
Энэ бүгд бол Монголын ардчилсан төр засгийн бүтэц, зохион байгуулалтыг хэврэг дархлаагүй, ой санамжгүй болгож, бяд муутай, мөлхөө байлгах хорлонтой, харалган, халагламаар үйлдэл. Үүнийг таслан зогсоох, хуулиар хориглох цаг болсон.
Төр улс гэдэг бол нэг том айл гэр. Тэр айлын аав, ээж хүүхдүүдээ “муу сурлаа”, “амлалтаа биелүүлсэнгүй” гээд жил болгон нэрийг нь солиод байдаггүй биз дээ. Яамд, байгууллагынхаа дотоод зохион байгуулалт, ажил, үүргийг нь л зөв оновчтой болгоно биз.
АНУ зуун жил есөн яамтай департамент байж байгаад өнгөрсөн зуунд Хөдөлмөрийн яам нэмж байгуулсан. Түүний нэг үүрэг нь Үндэсний статистик. Энэ зуунд нэг яам шинээр байгуулсан. Тэр нь 9 сарын 11-ний террорист халдлагын дараа байгуулагдсан Аюулгүй байдлын яам. Нэг яамны дундаж нас нь 170 жил. Тэгвэл манай улс сүүлийн 25 жилийн дотор яамдын тоо, нэр, хаягийг хэдэн удаа юу гэж өөрчлөснийг бүрэн санах хүн олдохоо больсон.
Хоржоонтой хуулиуд
Нэгэнт бид эрх зүйт төрийг сонгосон болохоор нийгмийн харилцааг хуулиар удирдаж, захирна гэсэн үг. Хууль боловсруулах, батлах гэдэг мэргэжил шаардсан, судалгаа шаардсан, холын үр дагавар дагуулах нэн хариуцлагатай ажил.
Гэтэл тооцоо судалгаа, ул суурьтай бодлогогүй, сэтгэлийн хөөрлөөр баталсан хуулиудын нийгэмд үзүүлж байгаа сөрөг үр дагавар нь хөрөнгө орууулалт, баялаг бүтээгчийг дайжуулж, олон хүний амьдралыг туйлдуулж байна. Жишээ 1: Улсаа баяжуулах сэдэлтэй 68 хувийн татварын хууль улсаа ядуурал руу түлхснийг хүн бүр мэднэ. Жишээ 2: УИХ-д дахин сонгогдох гэсэн хувийн сэдэлдээ хөтлөгдсөн гишүүд 2012 оны сонгуулийн өмнө Стратегийн хөрөнгө оруулалтыг зохицуулах тухай шинэ хууль баталснаар манай улсад орж ирэх их хөрөнгө оруулалтыг шууд утгаараа бүрэн зогсоосон. Жишээ 3: Манай улсын төр, засгийн тэргүүн нар гадаадад очоод хөрөнгө оруулагчдыг уриад дуудаад, даллаад л байдаг. Гэтэл гадаадаас орж ирсэн 20 мянган ам.доллараас дээшхи мөнгөн гүйлгээ болгоныг нэрийг нь чанга хэлэхээс ч хүмүүс айдаг болсон гурван үсэгтэй газар хянаж байхад наашаа зүрхлэх хөрөнгө оруулагчид хэр олон байх бол?
Нэмээд хэлчихэд, дугаар ерөнхийлөгчийн Үндсэн хуулийн суурь зарчмыг зөрчин байж өөртөө зориулж бүтээсэн чөтгөрийн цалмыг эртхэн эвхэж, хураахгүй бол улс үндэстнээрээ их үнэ төлөх нь.
Өрөм амалсан тогтворгүй хуулиас хусам амсуулсан тогтвортой хууль илүү
Шинэ Засгийн газар, шинэ Ерөнхий сайд болгон, тэр бүү хэл УИХ-ын гишүүд хүртэл татварын хуулийн өөрчлөлт хийхээр амладаг, бас амлалтаа ч биелүүлдэг. Ардчилсан улсад татвар санаачлах эрх зөвхөн Гүйцэтгэх эрх мэдэл буюу засгийн газарт, бүр нарийн ярьвал Сангийн сайдад хадгалагддаг бөгөөд харин түүнийг батлах эсэх нь татвар төлөгчдийг төлөөлж сонгогдсон хууль тогтоочдын эрх мэдлийн асуудал байдаг. Татварын хууль санаачилахдаа татварын бааз суурийг өргөтгөнө, төсвийн орлогыг нэмэгдүүлнэ, хөрөнгө оруулалтыг татна гэх мэт эгшиглэнтэй тайларладаг боловч үнэн хэрэгтээ үр дүн нь эсрэгээр гардаг. Бизнес эрхлэгчид, хөрөнгө оруулагчид тухайн орны хуулийг сайн, саар хууль гэхээсээ илүү тогтвортой, тууштай, алагчлалгүй мөрдөгддөг байхыг хүсдэг. Аз жаргалын эрэлчнээс бусад хариуцлагатай хөрөнгө оруулагчид ажил, бизнесээ олон жилээр төлөвлөдөг. Тийм болохоор тэдэнд өрөм амалсан тогторгүй хуулиас илүү хусам амлуулсан тогтвортой хууль илүү чухал. Энэ бол маргашгүй үнэн. Ийм учраас татварын суурь хуулиараа ойр ойрхон бүү оролд. Сонирхуулахад, Норвеги улс эрдэс баялгийн салбараа зөв ашиглаж, дэлхийн хамгийн баян Сантай болсны нууц нь сайтар бодож баталсан хуулиа 50-60 жил тууштай мөрдөж чадсанд оршино. Өрөслдөх чадварын 10 алтан дүрмийн нэг дэх нь Хуул, эрх зүй, захиргааны тогтвортой орчин.
Өөр нэг хүлээн зөвшөөрөх асуудал бол даяаршиж байгаа өнөө үед Монголын хууль, хуулийн байгууллагын үйл ажиллагааны стандартыг олон улсын нийтлэг хууль, үйл ажиллагааны стандартанд нийцүүлэх бодлого явуулах цаг болсон. Дэлхий Монголтой нийцнэ гэвэл эндүүрэл.
Ардчиллын амин сүнс бол хүний эрх, эрх чөлөө, халдашгүй байдал. Зах зээлийн эдийн засгийн амин сүнс нь хувийн өмч, түүний батлагаа. Хэрэв Монгол улс сүүлийн жилүүдэд “Human rights and freedom, Habeas corpus, Due process, Property rights, Laissez faire, Business privacy, Pacta sunt servanda, Supremacy of international treaty, jus cogens, Non-retroactivity, Stabilty and continuity, Grandfather clause” гэх зэрэг соёлт хүн төрөлхтөний бүтээсэн хүний эрхийн болон бизнесийн эрх зүйн суурь зарчмыг тууштай баримталсан хууль баталж, чанд мөрдүүлж чадсан сан бол одоогийн олон бэрхшээл, гарз хохирол бидэнд учрахгүй байх байсан болов уу.
“Төр барих, төлөг хариулах хоёр ялгаатай”, “Төрийн ачааг түшмэдүүд, Түмний ачааг тэмээ үүрдэг”, “Зусар, хов хоёр ихэрлэхэд, Засагт цас зуд нүүрлэдэг”, “Ухаант хүн ч будилна, Уургын морь ч хадуурна”,”Улс төрийн өвөр түрий, Улс орны гамшиг”, “Хувьсгалыг бадраахад зориг, Хуулийг сахихад тэвчээр” гэсэн ахмадын сургаалийг санахад илүүдэхгүй болов уу?
П.ЦАГААН. 2015-04-04