1979 оны хавар юмдаг. Хууль цаазын дунд сургуулиа төгсөхөд багахан хугацаа үлдээд байлаа. Улсын шалгалтууд хаяанд ирсэн үе. Нэг өдөр намайг Шүүх яамны сайд Бяраагийн Чимид дуудуулжээ. Манай сургууль Шүүх яамны харьяанд болохоор сайд дуудсанд гайхахаар зүйл биш ч тэр бүр оюутныг тийм өндөр албаны хүн тоохгүй нь тодорхой. Тухайн үед МАХН нийгмийг удирдан чиглүүлэгч, манлайлагчийн үүргийг 1960 онд батлагдсан БНМАУ-ын Үндсэн хуулийн дагуу гүйцэтгэж байв. Тиймээс тус намын Төв Хорооны бүгд хурлын шийдвэрүүдийг хууль адил ёсчлон биелүүлдэг, бүгд хурал бүрийн дараа намын шинэ зорилт, шийдвэрүүдийг судалж сурталчлах нөр их кампанит ажил өрнөдөг байж. Чимид сайд намайг дуудуулах тэр үед МАХН-ын Төв хорооны ээлжит бүгд хурлаас дэвшүүлсэн хоёр лоозон ид моодонд орж, бараг толгойтой бүхэн монгол, оросоор цээжилдэг байв. Эхнийх нь “Хүн бүр бага балчраасаа туйлын аж ахуйч, арвич хямгач, социалист өмчийн эс ширхэг бүрийг нүдлэн хамгаалагч, хөдөлмөрийг бишрэн шүтэгч байх ёстой”. Хоёрдахь нь “Хир буртаг өчүүхэн ч хүргэхгүй нандигнан хайрлаж, тахиж шүтэж байх зүйл маань нэгдүгээрт: нийгмийн өмч, хоёрдугаарт: социалист өмчийг цогцлоон бүтээгч эх үүсвэр болсон ариун цагаан хөдөлмөр мөн”.
Манай сургуулийн захирал Ц.Бүдханд сайд дуудсаныг надад мэдэгдэх зуураа, хүү минь нөгөө хоёр лоозонгоо орос, монголоор цээжилсэн биз, сайд шалгана шүү хэмээн сануулав.
Шүүх яаманд дуудсан цагт нь хүрч очоод сайдын өрөөний хаалгыг зориг муутайхан татлаа. “Орж болох уу?” гэж зөвшөөрөл хүсээд ортол Чимид сайд мэнд ус мэдээд, Чи чинь их өндөр цалинтай оюутан юм байна. Хэдийг авдаг вэ? гэж лавлав. Гурван зуун тавин төгрөг гэж хариулахад минь, Их сургуулийн оюутнаас илүү цалинтай юм. Их сургуульд онц сурвал хоёр зуун тавиас наяын хооронд авдаг байх, тийм үү гэв. Тийм байхаа л гэлээ. Тэгснээ танай аав ээж Гачууртад амьдардаг юм байна, Чи тэднээс мөнгө авдаг уу, өгдөг үү гэж асуулаа. Би аав ээждээ мөнгө өгдөг ч үгүй, тэднээс авдаг ч үгүй. Хааяа харихдаа талх, ёотон, цай, чихэр авч очдог гэвэл “Их сайн хүү байна даа” гээд сайд мушийв. Бидний анхны уулзалт ердөө үүгээр өндөрлөлөө. Нөгөөх лоозонгуудыг дурссан ч үгүй.
Хожим мэдэхэд сайд намайг цааш дэвшүүлэн суралцуулах зорилго агуулж, ерөнхий төрх, хэл яриа, үзэл бодлыг минь тандсан юм билээ. Хавар нь би сургуулиа онц дүнтэй төгссөн ч тэр жил Хууль цаазын дунд сургуулиас гадаадын их дээд сургуульд оюутан элсүүлээгүй тул МУИС-д шалгалтгүй, урилгаар элсэн оров.
Анхны энэ уулзалтаас 12 жилийн дараа 1990 оны намар Чимид дарга намайг хоёрдахиа дуудууллаа. Энэ удаа сайдын хувиар бус, шинэ тулгар байгуулагдсан байнгын ажиллагаатай анхны парламент-Улсын Бага Хурал (УБХ)-ын нарийн бичгийн дарга, Тамгын газрын ерөнхий нарийн бичгийн даргын хувьд ажил санал болгож туслахаараа ажиллахыг урив. Алсын хараатай тэр зангарагтай хуульчийн дэргэд ажиллана гэдэг залуухан хуульч надад ховор боломж, том завшаан тул 6 жилийн туршид үр бүтээлтэй ажилласан Үйлдвэрчний эвлэлээ орхиж, Монгол төрийн өндөр босгоор алхан оров.
Чимид даргатай ажиллах гайхалтай байлаа. 1990-1992 онд ажилласан УБХ бол хэлэлцсэн асуудлын цар хүрээ, гаргасан шийдвэрүүдийн шинэлэг, дэвшилтэт чанараараа өмнөх үеийн ямар ч хууль тогтоох байгууллагатай жиших аргагүй, цоо шинэ үзэгдэл байсан гэж би үздэг, үүнтэй олон судлаач санал нийлдэг билээ.
УБХ-ын боловсруулсан хамгийн буурьтай төсөл бол Монгол Улсын шинэ Үндсэн хуулийн төсөл байв. Үндсэн хуулийн төсөл боловсруулах комиссын даргаар БНМАУ-ын Ерөнхийлөгч П.Очирбат, орлогч даргаар УБХ-ын орлогч дарга К.Зардыхан, нарийн бичгийн даргаар УБХ-ын нарийн бичгийн дарга Б.Чимид ажилласан юм. Очирбат даргыг хээгүй гүндүүхэн улс төрч хэмээн монгол түмэн хожим хүлээн зөвшөөрсөн. Үнэхээр тийм. Хэдийгээр тэрбээр Үндсэн хууль боловсруулах комиссын даргаар томилогдон ажилласан ч “Миний хууль мэддэг, Үндсэн хууль боловсруулах гэж юу байхав” хэмээгээд Чимид даргад ачааны хүндийг үүрүүлэн орхиж билээ.
К.Зардыхан дарга бол Монголын үйлдвэрчний эвлэлийн Төв Зөвлөлийн нарийн бичгийн даргаар ажиллаж байхаасаа нийгмийн өөрчлөлт шинэчлэлийн суурь асуудлуудаар онол, арга зүйн дорвитой өгүүллүүд бичиж нийтлүүлж, 1990 оны ардчилсан үйл явцыг үзэл санааны хувьд бэлтгэхэд жинтэй хувь нэмэр оруулсан сэтгэгч эрдэмтэн хүн. Харин Үндсэн хуулийн төсөл боловсруулахад түүний оролцоо өндөр байгаагүй. Үндсэн хууль боловсруулах комиссын анхны хурлыг Зардыхан дарга удирдсан юм. Тэрбээр төслийн үзэл баримтлал дээр ажиллаж байсан Чимид даргаас улс төрийн шинжтэй баахан зүйл асуув. Тэгэхэд дарга шууд уурлаж, Хуулийг ингэж боловсруулдаггүй. Хууль боловсруулах өөрийн технологи, аргачлал байдаг юм гэхэд Зардыхан дарга минчийтлээ уурлаад “Би энэ ажилд цаашид оролцохгүй” гэж хэлсэн. Хэлсэндээ ч хүрч, комиссын дараа дараачийн хуралдаанд үзэгдээгүй.
Ингэж Чимид даргын нуруун дээр бүх ачаа ирсэн түүхтэй. Түүгээр хичээл заалгаж байсан хуульчид бүгд “Чимид багш аа” гэцгээдэг. Харин би хичээл заалгаагүй болохоор “Чимид дарга” гэж дууддаг байжээ.
“Морьтны хишиг явганд” гэгчээр дарга маань Үндсэн хуулийн төслийг гардан бичих болсноор надад түүний гараас тухайн өдөртөө гарсан эх бичвэрүүдийг Бага хурлын Тамгын газрын арван хурууны бичээч нарт дуудан хэлж бичүүлдэг, шивүүлснээ өрөөндөө авчраад эхтэй нь тулган нийлдэг, алдаа мадагтай буулгасан бол засуулдаг, засвараа дахин дахин хянаж нягталдаг чимхлүүр ажил ногдлоо. Нэгэн үдэш 21, 22 цагийн орчимд байх, бичүүлсэн эхээ даргын гараар бичсэнтэй тулгаж амжаагүй байтал, нөгөөхөө аваад ороод ир гэж Чимид дарга дуудлаа. Ормогц, нийлсэн үү? гэж асуув. Тулгамдаад “Нийлсээн” гээд амыг нь дагуулав. Уг нь Тамгын газрын бичээч нар чадалтай л даа. Хэр баргийн алдаа гаргадаггүй. Тэгтэл тэр үдэш миний мэнгэ голлосон хэрэг үү, хэд хэдэн алдаа гаргачихаж. Дарга тэдгээрийн утгын биш, дүрмийн алдааг засч байснаа гэнэт уурлаад миний урд талын ширээ рүү чулуудчихаад гараад явчихлаа. Энэ явдлаас хойш миний зүгээс тийм хайхрамжгүй хандлага огт гаргалгүй байсаар Үндсэн хууль батлагдах 1992 оны 1 дүгээр сарын 13-ны өдрийг хүргэж билээ.
Энэ утгаараа 1992 оны шинэ Үндсэн хуулийн эх бичвэрүүдийг хамгийн олон удаа уншиж, нийлж, хянан тохиолдуулсан хүн бол би мөнөөс мөн. Бас Гадаад яамнаас томилж ирүүлж байсан орчуулагчид англи хэлний түвшин нь асуудалгүй ч хуулийн тодорхой нэр томьёог монголоос англи, англиас монгол руу хөрвүүлэхэд учир дутагдалтай байсан тул гадны шинжээчидтэй дарга уулзахад нь би орчуулга хийдэг байв. Надаас гадна Чимид даргын гараас гарсан эх бичвэрүүд дээр уйгагүй нягталж ажилласан хүмүүс бол Улсын бага хурлын ахлах зөвлөх байсан хуульч С.Төмөр, Бага хурлын Тамгын газрын орлогч даргаар ажиллаж байсан, хуульч Л.Хангай нар юм. Тэр хоёр хоёулаа Чимид даргын шавь нар, би туслах нь байсан хэрэг.
Үндсэн хуулийн эх бичвэрүүд дээр гардан ажилласны хувьд нийт ард түмнээрээ 9 сарын туршид хэлэлцүүлэн, Үндсэн хуулийн эрх зүйгээр мэргэшсэн гадны нэртэй эрдэмтдийн зөвлөгөөг авч боловсруулсан энэ том баримт бичгийн төслийн ямар зүйл заалтыг хэрхэн маргалдаж мэтгэлцэн байж төсөлд суулгасан, яагаад өөрчилсөн, хэн өөрчлүүлсэн зэргийг би сайн мэднэ. Зарим жишээ дурдая.
БНМАУ-ын Ардын Их Хурлын депутат, сэтгүүлч Сүхбаатарын Батмөнх, депутат Цогт-Очирын Лоохууз гуай нарын хэсэг төрийн зүтгэлтэн НҮБ-ын Хүний эрхийн комиссын шинжээчидтэй Үндсэн хуулийн төслийн Хүний эрх, эрх чөлөөтэй холбоотой бүлгийн тодорхой заалтуудаар санал солилцов. Гадны шинжээчид, танайх Үндсэн хуулийн төслөө боловсруулахдаа Монгол Улсын иргэний эрх, хүний эрхийг салгасан байна. Үүнийгээ нэгтгэ гэж шахав. Би тэдний уулзалтыг хэлмэрчилж байв. Тэгтэл уулзалтад байлцсан Чимид дарга, “Та нарын заадаг олон улсын эрх зүйд бүх улсууд тэгш эрхтэй гэж тунхагладаг. Тэгэхдээ том гүрнүүд бага буурайгаа дээрэлхэх явдал байсаар ирснийг бид мэднэ. Эхлээд та нар Францын Үндсэн хуулийг өөрчлүүлчихээд бидэнд зааварчил” гэж шазруухан хэлэв. Бас “Та нар Монголын зовлонг, жижиг улсын том зовлонг ойлгохгүй байна. Манай түүхийг мэдэхгүй байна. Францын Үндсэн хууль дотор хүний эрх, иргэний эрхийн асуудал тусдаа байгаа. Дахиад хэлэхэд эхлээд тэдний Үндсэн хуулийг өөрчлүүлчихээд бидэнтэй ярь” гэж нэмж хэлсэн юм.
Даргын энэ хатуу үгийг сонсоод НҮБ-ын мэргэжилтнүүд дуугаа хураасан.
Үндсэн хуулийн Аравдугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Монгол Улсын олон улсын гэрээ нь соёрхон баталсан буюу нэгдэн орсон тухай хууль хүчин төгөлдөр болмогц дотоодын хууль тогтоомжийн нэгэн адил үйлчилнэ” гэсэн заалт орсон юм. Хэрэв дотоодын хууль тогтоомжтой зөрчилдвөл Олон улсын гэрээг дагаж мөрдөхөөр хуульчлагдсан. Тэгвэл энэ зүйлд Чимид даргын томьёолсноор нэгэн гайхалтай заалт тусгагдсаныг хүмүүс тэр бүр анзаардаггүй. Тэр юу вэ гэвэл аравдугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Монгол Улс Үндсэн хуульдаа харшилсан олон улсын гэрээ, бусад баримт бичгийг дагаж мөрдөхгүй” гэж тов тодорхой тусгуулж чадсан юм. Үндсэн хуулийн төслөөр төсөл боловсруулсан манай багт зөвлөж байсан гадаадын бүх эрдэмтдийн эсрэг Чимид дарга тууштай зогсож, байр сууриа хатуу хамгаалсаар Монголын эрх ашигт мөнхөд үйлчлэх энэ амин заалтыг суулгуулсан. Үүнд миний оруулсан даруухан хувь нэмэр ч бий. Москвагийн Олон улсын харилцааны дээд сургуульд суралцаж байхдаа судалсан “Хөрөнгөтөн орнуудын Үндсэн хууль” сурах бичиг болон товхимолд Америк зэрэг өрнөдийн олон орны Тулгуур хууль бүрэн эхээрээ байдаг. Тэнд байгаа АНУ-ын Үндсэн хуульд манай Үндсэн хуулийн 10-ын 4 шиг яг тийм агуулгатай заалт байдгийг би даргадаа шивнэсэн юмдаг.
Монгол Улсын 1992 оны Үндсэн хууль бол үндэсний сор болсон сэхээтнүүдийн уураг тархинаас төрөн гарсан, нийгмийн бүх давхарга зөвшилцөн баталсан, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар Б.Чимид дарга төслийнх нь эхийг 100 хувь гараараа бичсэн Нийгмийн гэрээ гэж би баттай хэлнэ. Тиймээс Мэндсайханы Энхсайхан зэрэг цөөн улс төрчийн “1992 оны Үндсэн хуулийг гадныхан бичиж өгсөн” хэмээн ярьдагтай огтхон ч санал нийлдэггүй юм. Гэхдээ манай Үндсэн хуульд өрнөдийн том гүрнүүдийн Үндсэн хуулийн үнэр нэг бус заалтад шингэсэн нь бас үнэн болно.
Зураг. УБХ-ын Тамгын газрын хуульч Ж.Элбэгсайхан, УБХ-ын Тамгын газрын Дэд дарга Л.Хангай, УБХ-ын Тамгын газрын зөвлөх Х.Хулан нарын хамт, 1991 он.
Үндсэн хууль батлагдсан өдөр дарга маань Монгол Улсын Гавьяат хуульч болов. Долоо хоногийн дараа намайг Ерөнхий сайд Дашийн Бямбасүрэн “Миний хүү ард түмнийхээ эрх ашгийг ямагт дээдэлж яваарай” гээд алх тогшин Хөдөлмөрийн дэд сайдаар томилж билээ.
Пунцагийн Цагаан