Монгол Улсын Ерөнхийлөгч 2013 онд Засгийн газарт чиглэл өгөх тухай 88 дугаар зарлиг гаргасан билээ. Энэхүү зарлигтаа “Улсын болон орон нутгийн төсвөөс санхүүжигч төрийн байгууллага, түүнчлэн төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой аж ахуйн нэгжийн төсвийн орлого, зарцуулалт болон тайлагналын үйл ажиллагааг олон нийтэд нээлттэй болгох ажлыг хууль тогтоомжид нийцүүлэн зохион байгуулж, иргэдэд ойлгомжтой, хүртээмжтэй байдлаар мэдээлэх “шилэн данс”-ны тогтолцоонд шилжих” гэж заажээ. Зарлигийн дагуу Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж төсвийн удирдлагын хэрэгжүүлэх шийдвэр, үйл ажиллагаа ил тод, нээлттэй, ойлгомжтой байх, түүнд олон нийт хяналт тавих мэдээллийн тогтолцоог бүрдүүлэх зорилгоор Шилэн дансны тухай хуулийн төслийг санаачлан боловсруулж, УИХ 2014 оны 7 дугаар сарын 1-нд баталжээ.
Ерөнхийлөгчийн Тамгын газар 2014 оны 10 дугаар сарын 18-ны өдөр “Шилэн дансны тухай хуулийн хэрэгжилт” зөвлөгөөнийг зохион байгуулав. Шилэн дансны тухай хууль 2015 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс хэрэгжиж эхлээд байна.