Японы Изүнокүни хотын дарга Оно Тошико хатагтайн урилгаар Д.Сосорбарам бид хоёр он гармагц Токио руу нисэж, япон судлаач, орчуулагч Ч.Куланда замд нийлж, гурвуулаа дөрвөн хоног аяны дөрөө харшууллаа. Наран улсад од болон гялалзсан Со найзтайгаа хамт Японы уламжлалт нааран орон дээр унтаж, үзэсгэлэнт Фүжи уулын хаяа дахь халуун рашаанд орж, энэ тэрийг үзэн сонирхох зуур тэр бүхнээ эх оронтойгоо харьцуулан бодож, ярилцаж явлаа. Сайнаас суралцаж, саараасаа салдаг учир “япон, монгол даргын ялгаа” хэмээх нэгэн сэдвийг уншигч Тантай хуваалцъя гэж шийдлээ. Т.Оно хатагтайг монгол даргатай харьцуулж бичихийг оролдов. Болгооно уу.
УГТАХУЙ
Биднийг Шинкансэн суман галт тэрэгнээс буухад хатагтай Т.Оно сан /сан гэдэг нь тухайн хүнийг хүндэтгэн, авгайлах үг. Англи хэлний Mr, Miss-тэй дүйнэ/ нутгийнхаа гүзээлзгэнэ, мандарин, ундаа барин угтав. Унасан унаа нь гэвэл: монголчуудын хэлж заншсанаар микро автобус. Унааны гадна талыг хотынхоо өнгө зүс, нүүр царай болсон үйлдвэр, барилга байгууламж, Фүжи уулынхаа зургаар гоёжээ. Түүний шадар туслах К.Инүэ жолоо мушгина. Машинд гадаад харилцааны ажилтан Х.Моришимо сан бид бүгдээрээ ачаа бараатайгаа хамт суув.
Т.Оно дарга Мишима галт тэрэгний буудлаас зочид буудал хүрэх хооронд хотын сонин сайхнаас хуучлаад авлаа. Өөрийнхөө тухай бус, хотынхоо тухай л ярина. Тэр бидэнд урьдчилан бичгээр ирүүлсэн хөтөлбөрөө тайлбарлахын сацуу 2020 оны Токиогийн олимп угтаж хотынхоо зүгээс хийж буй ажлын тухай, Монголын жудогийн тамирчдын бэлтгэлийг хангуулах болсон тухай ярьж амжив. Бүр өсөх ирээдүйтэй байж мэдэх дуурийн дуучин нэгэн эмэгтэйг Со-гоор “шинжүүлэх” тухай, болж өгвөл сайн монгол багштай холбох тухай ярив. Яриа нь энгийн, угтан мэндчилэхээсээ л хүн татах увдистай гэмээр хүмүүн байлаа.
ХОТЫН ДАРГЫН ХОЁР ЭРХЭМ ЗОРИЛГО
Тавин мянган хүн амтай хотынхоо иргэдээс хоёр дахь удаагаа сонгогдсон Т.Оно даргын долоон зорилтын хамгийн эхнийх нь ард иргэддээ аюулгүй, амар амгалан амьдруулах орчин бүрдүүлэх аж. Үнэндээ ч бодоод байхад энх амгалан амьдрахаас эрхэм зорилго гэж юу байх билээ. Хотын авто зам нь нарийхан боловч уулзварт учирсан хоёр жолооч бие биеэ түрүүлж яв гэж дахин дахин толгой дохиж найр тавина. Унадаг дугуйн зам, бас явган хүний зам тус тусдаа. Хоёр дахь шөнө газар хөдөлж биднийг сэрээв. Өглөө нь ямар ч эндэл сүйдэл гараагүйг мэдэв.
Т.Оно дарга ажил хийж байгаа ямар ч мэргэжлийн хүмүүстэй уулзаж элэгсэг дотно ярилцана. Ажил хийж, баялаг бүтээгчдийг бүх талаар дэмжинэ. Энэ бүхэн нь түүний үг, үйлдлээс ажиглагдана. Ажил олгогч нартай найз нөхөд шиг л энгүүн ярилцана.
ХОТЫН ЗАХИРГАА БУЮУ ШИЛЭН ҮЙЛЧИЛГЭЭ
Изүнокүни хотын захиргааны үүдээр ороход анхаарал татсан нэг содон зүйл бол гол танхимын баруун талд иргэдийн халааснаас мөнгө авдаг хэсэг буюу татварын байцаагчид сууж байв. Энэ хотын жилийн төсөв 35 тэрбум иен. Зүүн жигүүрт нь иргэдэд үйлчилдэг буюу нийгмийн халамж, даатгал, иргэний бүртгэл гээд үйлчилгээний бүх хүнийг хамт суулгажээ. Хүний хувийн нууцтай холбоотой мэдээлэл байдаг учир өөр хооронд нь шилэн ханаар заагласан байх юм. Шилэн данс гэдэг шиг шилэн үйлчилгээ л байна. Үйлчлүүлэгч олон ч уймарсан, бухимдсан хүн нэгээхэн ч харагдсангүй. Дарааллаа хүлээж буй хүмүүс Т.Оно даргатай мэндэлж харагдана.
МОНГОЛ БЭЛЭГ ҮЗМЭРТ
Т.Оно хатагтай Монголд их элэгтэй хүн. Түүнийг Монголд ирэхэд нь манайхан морин хуур, хадаг, монгол уран бичлэг зэрэг янз бүрийн зүйл бэлэглэжээ. Тэр бүх зүйлийг Захиргааны байрны шилэн хоргонд байрлуулж үзмэр болгосон байна. Гадаадынхны өгсөн бэлгээр гэрээ гоёхгүй, захиргааны байраа гоёжээ. Өөр байгаа биз.
АЖИЛ ХЭРЭГЧ УУЛЗАЛТ
Хотын дарга – хотынхоо орлогч дарга, хэлтсийн дарга нараа бидэнд танилцуулж, дурсгалын зураг хамт авхуулав. Удаж түдэлгүй гадуурх хөтөлбөр рүү хөдөлцгөөв. Гурав хоног хамт явахад Т.Оно дарга болон түүний ажилтнуудын амнаас “манай намын хөтөлбөр”, “миний сонгуулийн хөтөлбөр” гэх мэт улс төржсөн улиг үг нэг ч унасангүй. Хотын амьдрал, бизнес эрхлэгчид, аялал жуулчлал, эмнэлэг, сургууль гээд хүний тухай, хүмүүсийн амьдралын асуудлыг л ярина.
ДАРГА Ч ДАРААЛАЛД ЗОГСОНО
Бид Фүжи хайрхныг харахаар тус хотын бахархал болсон цахилгаан дүүжин гүүрээр уул өөд өгсөв. Т.Оно дарга бидэнтэй хамт дараалалд зогсож, тасалбар авав. Хүний урдуур орох, тусгайлан бэлтгэж сүйд майд болох юм байхгүй. Тасалбар шалгаж, цахилгаан шатанд суулгадаг залуу хотын даргаа гэнэт таньж, мэндэлж хүндлээд л өнгөрөөв. Бид цахилгаан шатаар өгсөж уруудав. Япон улсын шүтээн Фүжи уулын бараа сүрийг харж амжив. Их уул, ус хараад баярладаггүй хүн ховор биз дээ.
НОГООЧИН, БАРИЛГАЧИН Р.ЦҮЧИЯ
Т.Оно дарга үдээс хойш мужийнхаа хотын дарга нарын уулзалтад явах болсноор, Хотын захиргааны Хөдөө аж ахуй хариуцсан хэлтсийн дарга бидэнтэй зам нийлэв. Уулын бэл газрыг тэгшилсэн талбайд өвлийн (хасах 2 хэм) цагаан байцай, сонгино тарьж ургуулдаг аж. Ногооны талбайд компанийн эзэн аавынхаа ажлыг үргэлжлүүлж байгаа охинтой танилцав. Хөөр баяртайгаар ногоо хурааж зогсоо тэдэнтэй нийлэн ганц нэгэн байцай ч хураалцав. Энэ эрхэм – барилгын том компанитай бөгөөд зөвхөн байшингийн суурь цутгадаг аж. Газар дэлхий нь хэзээ ч шилгээж болзошгүй энэ улсад барилгын суурь цутгахад онцгой анхаарах нь ч аргагүй биз ээ. Маргааш шөнө нь газар хөдлөхөд Р.Цүчия сан буянтай, хариуцлагатай ажил хийдгийг дахин бодов. Тэрбээр биднийг үдэхдээ “би хүйтэнд тэсвэртэй хүнсний ногоо тарих, бас бат бэх байшингийн суурь цутгаж сурахад монголчуудад тусалж чадна шүү” гэж өгүүлэв.
ҮХЭРЧИН ХИРАЙ
Хирай сан 50 жилийн хөдөлмөр, судалгаандаа түшиглэж хамгийн эрүүл, махны чиглэлийн шинэ үүлдэр бий болгосон гэдгээрээ алдартай нэгэн аж. Тугал авч хоёр жил тэжээгээд маханд өгнө. Амьдын жин нь 800 кг, цэвэр жин нь 500 кг татдаг ланжгар үхэртэй. Нэг килограммыг нь 1500 иенээр бодоод, бөөндөөд зарчихдаг аж. Т.Оно дарга бидэнд эдний үхрийн махаар дагнаж хоол хийдэг газар зоог барив. Тусгайлсан өрөө, ширээ гэх юмгүй. Нийтийн зааланд л хоол иднэ. Т.Оно дарга – үйлчлэгч, зөөгч гээд бүх хүнтэй ярьж хөөрнө. Энгүй энгийн хүн. Хирай сан мах шарах нарийн арга техник байдаг болохыг тайлбарлаж, өөрийн тэжээсэн үхрийн махыг шарж өгөв. Тэрбээр асуувал л хариулна. Өвөр монгол, Индонезид махны чиглэлийн үхрийн аж ахуй хөгжүүлж эхэлсэн, нас 70 гарсан энэ “залуу” ясны хөдөлмөрч хүн болох нь ажиглагдана.
Сонгуулийн үеэр Т.Оно дарга хувийнхаа унаагаар дэмжигчид болон найз нартайгаа хөлөө цуцтал явж иргэдтэйгээ уулздаг гэнэ. Энэ тухай Т.Оно дарга биш, түүний найз бизнес эрхлэгч К.Хамада сан дурсав. Өөрийнхөө тухай барагтай л бол ярихгүй.
СОЁЛЫН ӨВ
Тэрбээр Мэйжигийн үед буюу 150 жилийн өмнө төмөр хайлуулж байсан Ханширо зуухыг ЮНЕСКО-гийн Дэлхийн соёлын өвийн жагсаалтад бүртгүүлжээ. Сэргээн засварласан соёлын дурсгалыг үзэх иргэд, жуулчдын хөл тасрахгүй. Т.Оно дарга уг соёлын өвийн дэргэд нь удахгүй задгай театр байгуулах бодолтой байгаагаа ярив. Театрынхаа нээлтэд Со-г ирж тоглолт хийх боломжтой эсэхийг ч асууж амжив.
ОНГОЦНЫ МӨРӨӨДӨЛ
Монголд очиж үзэх сонирхолтой япончууд энд олон байдаг гэнэ. Гол тээг нь Шизоүка муж руу шууд нислэг байдаггүй. Наритагаас нисэж болох боловч тасалбарын үнэ өндөр, бас цаг алддаг учир хүмүүс Солонгос, Сингапур руу явдаг аж. Шизоүка мужийн захирагч манай дарга нарт хандан шууд нислэг хийх саналыг олон удаа тавьсан байна. Удахгүй Монгол Улс онгоцны шинэ нисэх буудалтай болох тул шууд нисэх мөрөөдөл биелэх болов уу гэж хүлээсээр байгаа нь ажиглагдав. Манайхтай адил гурван сая хүн амтай энэ муж руу онгоц шууд нисдэг болбол аялал жуулчлал овоо хөгжинө дөө.
ГҮЗЭЭЛЗГЭНЭ
Энэ хотод хүлэмжид хөрстэй болон хөрсгүй технологиор гүзээлзгэнэ, жимс ургуулдаг 50 гаран аж ахуй байх бөгөөд бидний очсон хүлэмжийн эзэн нь хотынхоо иргэдийн хуралд сонгогдсон нэгэн ажээ. Хаа газрын ажилчид энгийн даруу. Ина хэмээх эмэгтэй “Би Монголд очиж үзэх юмсан гэж боддог. Миний гурван хүү самбо бөхөөр хичээллэдэг. Монголчууд багаасаа барилддаг уу?” гэж ярьснаа “Сосорбарамыг ноцолддог уу?” гэж сонирхов. Халуун дулаан яриа өрнөсний дараа Со маань япончуудын сайн мэддэг “Субарү” дууг японоор дуулж хол ойрын хүмүүсийн сэтгэл зүрхийг хөөргөөд авав. Т.Оно дарга гүзээлзгэнэ тариалдаг хүмүүсийн ажил амьдралыг сайн мэддэг нь илт байв. Тэдэнтэй нэгэн гэр бүлийн хүмүүс шиг л ярилцана. Бүхнийг мэдэгч, бүхнийг чадагч манай нөхдөөс их л өөр харагдана.
-Бид Оно дарга шиг дарга нартай болоход юу хэрэгтэй вэ?
НАС БОЛ ТОО
Бид Изүнокүни хотын нэгдсэн эмнэлгээр оров. Бүх төрлийн эмнэлгийн үйлчилгээг цаг алдалгүй үзүүлэхэд онцгой анхаардаг нь илт. Эмнэлгийн байшингийн орой дээр хоёр ээлжийн нисгэгчтэй нисдэг тэрэг, бас замдаа амаржиж магадгүй эхийн дуудлагад явдаг иж бүрэн тоноглогдсон нэг түргэний машин байнга бэлэн байдалд зогсоно. Өвчтөнүүд эмнэлгийн хаалгаар ороход тусалж зааварлах хүмүүсээс гадна робот машин асуултад хариулах нь содон. Энэ эмнэлгийг өдий зэрэгтэй авч яваа доктор Н.Мицүхаши, махны чиглэлийн үхрийн аж ахуй хөгжүүлж эхэлж байгаа Хирай сан, Хотын дарга Т.Оно нар бүгдээрээ 70 гарсан хүмүүс бөгөөд манай 60 настангууд шиг л хөнгөн, шингэн харагдана.
ГАР УРЛАЛ
Бид дэлхийн соёлын өв болох Ханширо зуухны эсрэг талын гудамжинд байдаг Японы үндэсний гар урлалын дэлгүүрээр орлоо. Т.Оно дарга дизайнер болон оёдолчидтой уулзаж ярилцангаа “Та нар Монголын ноос ноолуураар юм хийвэл зүгээр шүү. Миний энэ цамц Монголын хонины ноосоор сүлжсэн болоод ч тэр үү их дулаахан” гэв. Хаа газрын эмэгтэйчүүд болсон хойно монгол ноолуур, ноосны тухай, Монголд яаж очих тухай сонирхоно. Японы хуулиар хэвлэл мэдээллийн салбарт гадаадын хөрөнгө оруулалтыг хязгаарладаг болоод ч тэр үү жирийн айл гадаадын телевизийн суваг үзэхгүй. Японы арваад суваг үздэг болохоор гадаад ертөнц, ялангуяа Монголын талаар тун бага мэддэг шинжтэй байв. Манай их эзэн Чингис хааныг хүндэтгэдэг гэж ярих хүн олон тааралдана. Япон хүмүүс нь хүнээс сонссон төдийхнөөр бус, аливаа зүйлийг нүдээр үзэж, гараар барьж нягталсны дараа шийдвэр гаргадаг гэдэгт дахин итгэв. Тийм ч болохоор Т.Оно дарга “олон япон хүн Монголд очих нь хоёр орны харилцаа хөгжиж, Монголын хөгжилд тустай” гэж хэлдэг нь яах аргагүй үнэн юм.
СЭТГЭЛ
Төсвөө ариг гамтай зарахад үлгэрлэн анхаардаг мөртөө “Монголоос хотын захиргаандаа хүн ажиллуулмаар байна, Монголын тамирчдын олимпын бэлтгэл хангахад нь тусалмаар байна, Монголд мал аж ахуй, газар тариалан хөгжүүлэхэд тусалмаар байна” гэж ярина. Тусч сэтгэлийн гал мэдрэгдэнэ. Манайхан Солонгос руу хошуурдаг. Үнэндээ солонгосчууд японд дургүй мэт царайлдаг боловч тэдний сайн сайхан бүхнээс бүтээлчээр суралцдаг. Барилга байгууламж, зам гүүр, зочид буудал, бүр жорлонг нь хүртэл дуурайж хийнэ. Тэгвэл бид Наран улсын гурван сая хүн ам бүхий энэ мужтай л олон талаар хамтарч, хүмүүс хооронд, бизнес хоорондын харилцааг дэмжиж ажиллахад болохгүй гэх газаргүй санагдана. Ингэхэд бидний санаачилга, шууд нислэг хоёр л шийдвэрлэх үүрэгтэй болно.
СУПЕР ОД
Японд олон удаа тоглолт хийсэн, Фүкишимагийн цунамид нэрвэгдсэн хүмүүст сэтгэлийн дэм өгч концерт тоглосон, Японы алдарт дуучин А.Яширотой хамтарч дуулсан, Монгол-Японы түүхээр баримтат кино хийсэн гээд олон учир шалтгааны улмаас Д.Сосорбарам маань Японд супер оддын нэг болсон гэдгийг харлаа. Мэдэрлээ. Со-гийн “Жамаас” дууг зохиогчийн эрхийн зөвшөөрөл авч нийтийн газар, олон нийт дуулж эхэлсэн нь манай урлагийнхан ч зах зээлээ дэлхийн хэмжээнд харж хичээвэл амжилт олдгийг харлаа. Бидний цөөхөн монголчууд эртний ромчуудын хэлдгээр Homo homini deus est бие биедээ бурхан байцгаая.
Ч.КУЛАНДА
Улс хоорондын харилцаа хувь хүмүүс хоорондын харилцаанд суурилдаг. Монгол-Японы харилцааг хөгжүүлж, олон япон хүнийг Монголын төлөө гэх сэтгэлтэй болгоход үлэмж хувь нэмэр оруулсан хүний нэг бол япон хэлийг гарамгай сурсан Ч.Куланда болно. Түүний энэ талаар хийсэн ажлын тухай өгүүлье гэвэл бүхэл бүтэн боть бичих хэрэг гарна. Эгэл даруу, ажилсаг, өгөөмөр сэтгэлтэй эрхэм найзтай маань Т.Оно дарга, түүний багийнхан – эгч дүүс, найз нөхөд шиг харьцахыг харах сайхан шүү. Японтой харилцаа хөгжүүлэхэд, япон хүмүүст монголчуудыг ойлгуулахад япон хүний соёл, сэтгэлгээ, зан үйлийг мэддэг, хэлийг нь гадарладаг биш, доторлодог Ч.Куланда шиг хүмүүс л хэрэгтэй. Энэ бол бодит үнэн.
ТӨРИЙН АЛБА, БАС СОРИЛТ
Японд төрийн албан хаагчийг 60 нас хүрэхээр нь чөлөөнд гаргадаг аж. Үүнийг буруу гэсэн хандлага нэлээд байдаг байна. Төрөөс гараад дахиад 40-50 жил ажиллаж амьдрах тул ямар ажил шинээр эхлэх вэ гэдэг сорилт тулгардаг бололтой. Иргэд нь хамгийн урт насалдаг энэ үндэстэн манай Чойжамц хамбын айлтгаснаар хоол, хөдөлгөөн, хувцас гурваа тохируулаад сурчихсан улс юм даа.
АНТИ-ОНО БУЮУ МОНГОЛ ДАРГА НАР
Түмний төлөө хоёргүй сэтгэлээр зүтгэдэг дарга нар Монголд байж л таарна. Гэхдээ нийтлэг дүр бол Т.Оно даргын эсрэг дүрээр л нүдэнд бууна. Манайхан төсөв багатай, татаас авдаг авдаггүйгээсээ үл хамаарч тусгай машин унана. Тусгайдаа бүр өндөр үнэтэй, шатахуун их хэрэглэдэг жийп унана. Жолооч ажиллуулна. Тогтоосон хууль, дүрэм журмаа өөрөө зөрчихөөс гадна тусгай хангамж үйлчилгээнд нугасгүй.
Дарга нарын тусгай хангамжийг халж, компаниудыг намаар ялгаварладаг болхи бүдүүлэг явдал хоёрыг хориглоход л олон зүйл цэгцрэх биш үү, Монголд. Манай дарга нар бүх зүйлийг түүний дотор ажил хийж амиа тээж, баялаг бүтээж байгаа хүмүүсийг хүртэл нам, эвслээр хувааж байгаа нь эмгэнэл. Гэмт хэрэг.
Сэтгэлтэй хүн л төрийн ажил хийдгийг харлаа. Дэлхийн II дайн дуусахын өмнөхөн мэндэлсэн Т.Оно дарга өөрөө хэлээгүй ч чамгүй хөрөнгөтэй хүн бололтой. Эгэл амьдралаар эгэл олныхоо итгэл сэтгэлийг дааж яваа нь гайхмаар, бахархмаар. Дүүжин шатаар өгсөж явахдаа энэ уул хэний өмч вэ гэтэл “тээр доод тал нь минийх, татвар төлдөг. Хэдийгээр татвар өндөр биш ч гэлээ ойн хог хаягдал цэвэрлэх гээд ажил ихтэй. Одоо түрээсэлчихсэн тул санаа амар байгаа. Нөхөр маань янз бүрийн ногоо тарих хоббитой” гэв.
Монголчуудтай харьцуулахад энд гэр бүлийн харилцаа хөндийдүү, төрөлт багасаж, наслалт уртсаж, нийгмийн даатгал хүндэрч байгаа гээд биднээс хол мэт боловч ирээдүйд учирч болзошгүй асуудал байгааг хэлэхэд буруу болохгүй биз ээ.
Энэ удаагийн богино ч гэлээ бүтээлч аяллын явцад Монголын өнөөгийн хүндрэл бол ардчилал, зах зээлийн сонголттой огт холбоогүй бөгөөд гагцхүү удирдлагын чадамж доройтлоос үүдэлтэй гэсэн бодол минь улам батжив.
Япон дарга, монгол даргын хамгийн том ялгааг нэрлээрэй
Пунцагийн ЦАГААН. Изүнокүно-Токио-Улаанбаатар. 2018 оны 1 дүгээр сар